Буруу, бүр байж болшгүй зүйлд бид ямар амархан дасаж, хүлээн зөвшөөрнө вэ. Ардчилсан Монгол Улсад АН, ер нь аль ч нам нэрийг нь гаргаж, сонгуульд оролцох хүсэлтэй гишүүдээсээ хэдэн зуун саяар битгий хэл, сохор зоос ч нэхэх ёсгүй. Гэтэл АН энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр “горилогч” нэг бүрээс дэнчин нэрээр мөнгө авч байгаа нь цочирдом бус, хураалгуулж буй дүн нь 100, эсвэл 400 сая төгрөг үү, ер нь яг хэдэн хүн үүнийгээ тушаасан юм, “Хера”-гийн гэгддэг Х.Ганхуягийн дэлгэсэн жагсаалтад орсончлон 180 хүн “100”-гаа өгсөн юм уу, үгүй юү гэдгийг л гол асуудал болгож яриад байх юм.
АН, аль нэг нам сонгууль бүрээр дэнчингийн мөнгө хурааж ирсэн байж болох ч бид үүнд нь дасаж, давраах учиргүй. Үнэндээ УИХ-ын суудалд санаархаж буйгаа батлахын тулд тушаах ёстой 100 сая төгрөгөө намдаа өгсөн АН-ын 180 гишүүний нэрийг МАН-аас нэр дэвших гэж горилж яваа Х.Ганхуяг гэх залуу санаанаасаа зохиосон, эсэх нь ч падгүй. Дэнчингийн мөнгөө тушаачихаад, “Дахиад 400 саяыг өг” гэж нэхэхээр нь дургүйлхэж, даргыгаа “дуэль”-д дуудсан Д.Мөнх-Эрдэнэ үнэхээр “шүгэл үлээж” байна уу, эсвэл МАН, магадгүй бусад намын “захиалгаар” жүжиг тавив уу гэдэг ч хамаагүй. Гагцхүү АН “горилогчид”-оосоо 100 сая төгрөг, ер нь мөнгө нэхсэн нь л хамгийн гажиг, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Улс төрийн аль ч нам, тэр тусмаа Монголын ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-ын ардчиллаас ухарсан, үнэт зүйлсийг нь уландаа гишгэсэн, эрүүл бус арга, хандлагыг хүлцэн суух учиргүй.
ДЭНЧИНГИЙН МӨНГӨНД ДӨЖИРЧ БОЛОХГҮЙ
Гэхдээ С.Эрдэнэ АН-ын дарга болсноор энэ “100 сая” гараад ирсэн юм биш. Энэ мэт дэнчин, хураамж АН-д өмнө нь байсан уу гэвэл байсан. Хуучин болон шинэ дүрмийн аль алинд нь дэнчин, хураамж авахыг хориглоогүй. Гагцхүү одоогийн дарга нь үүнийг улам “боловсронгуй” болгож, АН-ын гишүүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх, эсэхийг мөнгөөр шийдэж яваа нэгэн. Түүнийг даргаар сонгосон, “шинэчлэлийн” гэх тодотголтой их хурлын дараахан, 2017 онд дотоод сонгууль зарлаж, АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүнд өрсөлдөх бол гурав, аймгийн намын даргад 15, нийслэлийн намын даргад 90, дүүргийн намын даргад 20, нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5 сая төгрөгийн хураамж төлөхийг шаардсан юм. Мөн эдгээр сонгуульт албанд нэр дэвшигчдээс дэнчин авсан. ҮБХ-нд өрсөлдөж буй бол гурав, нийслэлийн намын хорооны гишүүнд 1.5 сая төгрөгийн дэнчин авахаар тогтоож байв. Ингэж АН-ын өмнөх сонгуулиудынхаас дэнчин,
...Дэнчингийн мөнгөө тушаачихаад, “Дахиад 400 саяыг өг” гэж нэхэхээр нь дургүйлхэж, даргыгаа “дуэль”-д дуудсан Д.Мөнх-Эрдэнэ үнэхээр “шүгэл үлээж” байна уу, эсвэл МАН, магадгүй бусад намын “захиалгаар” жүжиг тавив уу гэдэг ч хамаагүй. Гагцхүү АН “горилогчид”-оосоо 100 сая төгрөг, ер нь мөнгө нэхсэн нь л хамгийн гажиг, хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл...
хураамжийн хэмжээг даруй 6-90 дахин өсгөж, албан тушаал бүрт мөнгөний босго тогтоосон юм. Өмнө нь одоогийн ҮБХ буюу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнд өрсөлдөхийн тулд нэг сая төгрөгийн дэнчин тавьж, гишүүн болж чадахгүй бол дэнчингийн мөнгөө буцааж авдаг байв. Дэнчингийн мөнгөнөөс нь сонгуулийн хураамж болох 15 мянган төгрөг суутгадаг байсан юм билээ. Мөн нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхийн тулд 90 сая төгрөг байтугай огт мөнгө төлдөггүй байсан гэдэг. УИХ, цаашлаад аймаг, нийслэлийн сонгуульд мөнгөтэй хүн л нэр дэвшин өрсөлддөг, шударга бус жишиг яван явсаар АН-д бууриа зассан нь энэ. Үүнд бид хэрхэвч дөжирч болохгүй.
Нөгөө талаас МАН болон бусад нам ингэж мөнгө нэхдэггүй гэх баталгаа алга. Жишээ нь, энэ сонгуулийн жил гарав уу, үгүй юү МАН-ын дарга У.Хүрэлсүх “Нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй” гэж мэдэгдсэн нь нэг талаар нааштай сонсогдсон ч өнгөрсөн хугацаанд тус нам “дэнчин” гэж нэрлээгүй ч ямар нэг байдлаар “горилогчид”-оо “холгож” ирснээ хүлээн зөвшөөрсөн явдал байв. Мөн тус нам нэр дэвших сонирхолтой хүмүүсийнхээ талаар рейтингийн судалгаа явуулаад буй. Ингэхдээ “горилогч” бүрээс судалгаа хийх зардалд 30 сая төгрөг авсан юм билээ. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд дэнчин, хураамж нэртэй хууль бус мөнгө улс төрийн намуудад ихээр эргэлдэх болсон нь нууц биш. Тухайлбал, 2008 оны сонгуулиар 20, 2012 онд 50-500 сая, 2016 онд 0.5-1 тэрбум төгрөгт хүрсэн талаар тухай тухайн үед нь ярьж, шуугиад л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, АН л ил цагаан, эрээ цээргүй нэхэж, зарладгаас бус, бусад нь дуугүй, далд байснаараа ариун, шударга гэсэн үг биш.
ХАНДИВ Ч БИШ, ТАТВАР Ч БУС
Манайд улс төрийн санхүүжилттэй холбоотой асуудлууд асар ээдрээтэй. Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт нь холион бантан болчихсон. Нам яаж санхүүжих, хэрхэн мөнгө олохыг хуульчилсан хэд хэдэн арга зам бий ч хяналт байхгүй. Жишээ нь, хэдэн зуун мянган гишүүнтэй гэж сайрхдаг “том” намууд гишүүдээсээ татвараа авч чаддаггүй, араас нь ч хөөцөлддөггүй. Гишүүд нь ч хойрго, өгдөггүй. Тиймээс ч АН, МАН-ыг гишүүдийнхээ татвараар “амьдардаг” гэвэл итгэх хүн гарахгүй л болов уу. Хандивын тухайд хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуульд мөнгөн хандивын хэмжээг хуулийн этгээдээс 10, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж, жилд хоёроос дээш удаа өгөхийг хориглодог (Сонгуулийн үеэр мөнгөн хандив нь иргэний хувьд тав, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байх бөгөөд нэг удаа өгөх боломжтой). Харамсалтай нь, намууд хэнээс хэдэн төгрөг авснаа жил бүр зарлах ёстой ч биелүүлдэггүй гэхэд хилсдэхгүй. Харин намууд хандив ч биш, татвар ч бус хувилбар гаргаж, түүнийгээ дэнчин, хураамж гэх мэтээр нэрлээд байгаа гэж ойлгож болно. Тиймээс ч үүнийг “хууль бус” хэмээн тодотгоод байгаа юм. Хуулийн зохицуулалтгүй учраас сонгуулийн санхүүжилтийн тайланд орохгүй, хяналтаас гадуур байх нь ойлгомжтой. Ийн хууль бусаар мөнгө татаж буйгаа бахархалтайгаар зарлах АН-ын хувьд МАН шиг түрээслүүлж мөнгө олох том байр ч үгүй. Тиймээс АН-д парламентад суудалтайн хувьд сонгуулиар авсан санал, сонгогдсон гишүүдийнхээ тоогоор төсвөөс авдаг санхүүжилтийг эс тооцвол дэнчингээс өөр бодитой орлого үгүй мэт. Дэнчингээс татгалзах нь битгий хэл, сонгуулиас сонгуулийн хооронд мөнгөн дүнг нь нэмж нэхэх нь гашуун боловч үнэн шалтгаан гэлтэй.
Нэр дэвшигчдээ ийм шалгуур тавьсан намууд бизнесийн бүлгүүд, мөнгөтэй хүмүүсээс хараат байхаас аргагүй. Зөвхөн нэр дэвших эрхийн төлөө ийм их хэмжээний мөнгө төлөх нь сонгуульд мөнгөтэй, ямар нэг бизнес эрхэлдэг хүн нэр дэвшин өрсөлдөх, сонгогдох боломж бүрдүүлж, улс төрд хууль бус мөнгөний нөлөө өсөхөд хүргэж буй. Ийм байдлаар албан тушаалд очсон хүмүүс дараа нь улсын ажил хийх тохиолдолд хэрхэн хандах бол. Халааснаасаа, эсвэл хаанаас ч юм олж тушаасан хэдэн цаасаа эргүүлэн олж авч, “шархаа нөхөхийг” л бодох нь ойлгомжтой. Гэтэл санхүүжилтийг бизнесийн нөлөөнөөс салгах нь намууд, цаашлаад манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод байдаг. Тиймээс намын аливаа сонгуульт албан тушаал болон бүх шатны сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа мөнгө хандивлахыг хуулиар хориглох ёстой. 100 сая төгрөгөө төлөөд нэр дэвшиж чадахгүй бол сонгуулийн үр дүнгээс шалтгаалан улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж хээв нэг хэлж байгаа хүн МАН-ын “60 тэрбум”-ын схемийг зохиосон, бодитоор хэрэгжүүлсэн гэж буруутгагдаж, шүүх, цагдаад дуудагдаж буй этгээдүүдээс ялгарах зүйл огтхон ч алга. Харин ч Ардын намынхан “арын хаалгаар”, “лангуун доогуур” зарахыг санаархсан төрийн албан тушаалыг шууд “дуудлага худалдаа”-нд оруулж буй аятай харагдаж байна.