“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн нэгдсэн хуралдаанд хэлсэн үг
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ! Та бүхэнд ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн мэнд дэвшүүлье. Эзэн Чингис хааны удирдсан 100 мянга хүрэхгүй монгол цэрэг 30 хүрэхгүй жилийн дотор Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүртэл Монголын эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Тэгвэл бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мөн 30 жилийн хугацаа өнгөрсөн байна. 30 нас гэдэг хүнээр бол харьцангуй төлөвших үе юм. Хошуу дэвсэх хүмүүсийн тоо багасаж, хариуцлага нэхсэн олны харц нэмэгдэх нь зүй ёсны асуудал. Нэг үгээр хэлбэл, Монголын ардчилал өнөөдөр нялх байхаа больсон. Ардчилсан хувьсгал монголчууд бидэнд эрх, эрх чөлөө, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо бүхий парламентын засаглал, зах зээлийн чөлөөт эдийн засаг зэрэг олон чухал үнэт зүйлийг авчирсан нь түүхэн үнэн. 1991 онд Монгол Улсын ДНБ 790 сая ам.доллар байсан бол өнөөдөр 13.8 тэрбум болж, 17.5 дахин өсжээ. Энэ ч бас тоон утгаараа чамлахааргүй амжилт юм.
Хэдий тийм боловч баян, ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь өнгөрсөн 30 жилийн гашуун сургамж билээ. Тийм ч учраас ардчилсан хувьсгалын 30 жилийн амжилт ололт, алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж, айсуй 30 жилийн хөгжлийг урт хугацаагаар төлөвлөн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган байгуулсан. Ажлын хэсэгт холбогдох яам, агентлагийн 329 мэргэжилтэн, 21 аймаг, 330 сумын 618 төрийн албан хаагч, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн 181 эрдэмтэн, судлаач болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 384 төлөөлөл, нийт 1512 хүн оролцож, нэг жилийн хугацаанд ажиллалаа. Энэхүү үзэл баримтлалын төсөлд саналаа өгч, идэвхтэй хамтран ажилласан ард иргэд, улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье.
Ирээдүйг илүү тод харахын тулд өнгөрснөө зөв дүгнэх шаардлагатай нь ойлгомжтой. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодлогод зохист дүн шинжилгээ хийхийн тулд Монгол Улсын сүүлийн 100 орчим жилийн хөгжлийн бодлогыг таван үе шатанд хуваан авч үзсэн болно. Мөн 1914 оны “Монголор” хамтарсан нийгэмлэг, 1924 оны Баялгийг бадруулах хэлтэс, 1932 оны Шинэ эргэлтийн бодлого, 1945 оны Улсын төлөвлөгөөний комиссоос боловсруулсан найман удаагийн таван жилийн төлөвлөлт болон “Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал”, “Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы хөгжлийн зорилтот суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг Монгол Улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тогтоол, шийдвэр, баримт бичигт нарийвчилсан шинжилгээ хийж, олон улсын байгууллагуудтай хамтарч, нөхцөл байдлын дүгнэлт гаргасан.
Нөхцөл байдлын шинжилгээгээр Монгол Улс өнөөдөр ижил гараанаас гарсан дэлхийн бусад орноос хөгжлийн үзүүлэлтүүдээр хоцорсон хэвээр байна. Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар 136 орноос 102, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг ч газар тариалан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180 дугаарт, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч түүний түүхий эд, хүнсний экспортоор өнөөдрийг хүртэл дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна. Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долдугаар байрт байгаа ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хэрэглэх чадвараа хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээр байрт орж байна. Их, дээд сургуулийн өрсөлдөх чадвараар бид эхний 1000-д ч эрэмблэгдэж чадахгүй байна. МУИС гэхэд 3018 дугаарт жагсаж байна. Монголчууд бид гуравхан саяулаа ч хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд 189 орноос 92, боловсролын үзүүлэлтээр 103, дундаж наслалтаараа 107, өрсөлдөх чадварын индексээр 141 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэж, төстэй 60 оронтой харьцуулбал Грек, Аргентин, Хорват болон Венесуэлийн өмнөхөн, 57 дугаарт жагсаж байна. Үндсэн шалтгааныг далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа их, уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй, уул уурхайгаас хэт хамаарал бүхий, тогтвортой бус эдийн засагтай мэргэжилтнүүд холбон тайлбарлаж буй.
Түүнчлэн сонгууль дагасан дөрвөн жилийн циклтэй, төрийн мэргэшсэн албан хаагчид улс төрөөс шалтгаалж, тогтвортой ажиллах боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтад таагүй ханддаг. Гэрээгээр хүлээсэн үүрэгтээ эзэн болдоггүй, хариуцлага хүлээх чадвар сул зэрэг засаглалын гажуудал хөгжилд томоохон чөдөр тушаа болж байна гэдгийг ч мөн онцлон дүгнэлээ. Эрдэмтэн судлаачид, ажлын хэсэг, олон улсын байгууллагын зөвлөхүүд өнгөрсөн 30 жилд бий болсон хамгийн эмзэг асуудал бол орлогын тэгш бус байдал гэдэгт санал нэгдлээ. “Экономист” сэтгүүлээс эрхлэн гаргадаг Дэлхийн ардчиллын индексийн 2020 оны тайланд ч олон улсын хэмжээнд ардчиллын томоохон сорилт бол тэгш бус байдал гэдгийг онцоллоо. Энэ ч утгаараа дэлхийн улс орнууд чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь, хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байгааг бид мэдэх билээ. Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй нь тодорхой. Салбар дамнасан томоохон сорилтуудыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй нь ч ойлгомжтой. Тиймээс л улс орнууд хөгжлийн бодлогоо урт хугацаагаар, өөрийн үндэсний онцлогтоо тулгуурлан төлөвлөдөг. ОХУ 2036, Энэтхэг 2030, Ирланд 2040, БНХАУ 2050, Сингапур 2030, Казахстан 2050, Израил 2050, Норвег 2060, Япон 2114 он хүртэл хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төлөвлөжээ. Дэлхий даяар тархсан титэмт вирусийн нөлөөлөл, хурдацтай өрнөж буй аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг хүчин зүйл дэлхий, тэр дундаа даяаршилд цоо шинэ хандлага авчрахаар байна. Дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, БНХАУ, АНУ, ОХУ, Индонез, Мексик, Турк зэрэг улс дэлхийн эдийн засгийн 50 хувийг үйлдвэрлэж, Энэтхэг, Вьетнам, Бангладеш зэрэг орон хамгийн хурдтай өсөлт бүхий эдийн засагтай болж, шинэ тоглогч болох урьдчилсан тооцоолол гарч байна.
“Алсын хараа-2050” хөгжлийн үзэл баримтлал нь Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй ижилсэл ба ондоошилд суурилж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын дэвшилт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” бөгөөд УИХ, Засгийн газраас баталсан 567 салангид бодлогын баримт бичгийн нэгтгэл юм. Энэхүү үзэл баримтлал нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн зорилго, 50 зорилтоос бүрдэх бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван 10 жилээр хөгжлийн үе шатуудаа тодорхойлж, шалгуур үзүүлэлтүүдийг тооцсон болно. Нийт 187 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаас 52 төслийн хувьд ТЭЗҮ-ийг шинээр хийх шаардлага тулгарч байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд дэлхийн банкны аргачлалаар чинээлэг дундаж давхаргын суурь түвшинг 16.2 хувиар тооцож, 2050 он гэхэд 80 хувьд хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ий суурь түвшинг 4009 ам.доллароор авч, 2030 онд 8299, 2040 онд 12 мянга, 2050 онд 15 мянга байхаар тооцож, ДНБ-ий хувь хэмжээ 6.1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 168.3 их наяд хүрэхээр төсөөлөв. Үндэсний нэгдмэл үнэт зүйл, аюулгүй байдал, байгаль орчны асуудлыг тус үзэл баримтлалд салбар дамнасан, нэвчих үнэт зүйлээр тусгасан бөгөөд асуудлын логик уялдаа, шалтгаант холбооны давхцалыг тодорхойлсон аргачлал ашигласан болно. Эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, орон сууц, орлогын түвшин, хүрээлэн буй орчин, баталгаат ажлын байр, амьдралын чанар, сэтгэл ханамжийн түвшин, нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах замаар хүний хөгжлийн үзүүлэлтийн суурь түвшнийг 0.74-өөр тооцож, 2030 онд 0.8, 2040 онд 0.85, 2050 онд 0.9-д хүргэх зорилт тавьсан.
Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтийг шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, боловсруулах аж үйлдвэрийн салбар (хүнд, хөнгөн, хүнс гэсэн гурван төрөлжилттэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан), эрчим хүч, тээвэр, логистик, төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн, бүтээлч эдийн засгийг тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжихээр тусгаж, импортлогч улсаас экспортлогч байх томоохон зорилт дэвшүүлсэн болно. Эдийн засгийн дундаж өсөлт зургаан хувь байхад энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд эрсдэлийн шинжилгээгээр эдийн засгийн суурь тооцооллуудыг хамгийн бага үзүүлэлтээр авч үзсэн. Монгол Улс 2030 онд дөрөв, 2040 онд 4.6, 2050 онд 5.4 сая хүн амтай байхаар байна.
Хүн амын төвлөрлийн эсрэг нэгдсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол нийслэл Улаанбаатар хотын хүн ам 3.6 саяд хүрэх төлөвтэй байна. Тиймээс хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг тусгасан, эдийн засгийн жам ёсны хөгжлийн урсацтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлов. Энэ үзэл баримтлал хэрэгжих үндэс суурь нь мэдээж сайн засаглал юм. Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд улс төр, бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн, бүлэгт үйлчилдэг биш, хуульд захирагддаг төр, засгийг төлөвшүүлж, улс төрийн намын санхүүжилт болон шүүх засаглалын хяналт, тэнцвэрт томоохон реформ хийх шаардлагатай байгаа нь харагдаж буй. Их, дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр, засгийн шийдвэрийг академик түвшинд үнэлж, үйлчилгээг нь хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгэм төлөвшүүлэн бүрдүүлэхэд голлон анхаарахаар тус үзэл баримтлалд тусгасан болно. Хөрвөх чадвар бүхий монгол хүнээ дэмжиж, эх оронч, эрүүл чийрэг, дэлхийд өрсөлдөх боловсролтой, эргэлтийн хөрөнгөтэй, идэвхтэй монгол иргэнээр нийгмийн хөгжлөө хурдасгаж, өрсөлдөх чадвараараа бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлцгээе.
2050 онд дэлхий дахин Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн ололт, амжилтыг сайшаан магтаж, амжилтаас нь суралцах түүхийг хамтдаа бүтээцгээе! Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон маань 30 жилийн дотор дэлхийд гайхагдсан хөгжлийн түүхийг дахин бүтээх болтугай. Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.