Саяхныг хүртэл айл өрх, албан байгууллагууд гадна, доторх орчноо ариутгаж, халдваргүйжүүлэх тухай ойлголтгүй шахам байв. Гэрт, албан тасалгаанд бясаа, жоом үүрлээгүй л бол хэр баргийн тоохгүй. Харин эдүгээ улс ариутган, халдваргүйжүүлж байна. Үүнд ашиглаж буй ариутгалын бодисуудаа манайх 100 хувь импортолдог тул тэр хэрээр гадагш валют урссаар. Үндэсний статистикийн хорооныхны өгсөн мэдээллээр, манай улс 2015 онд 94 535 кг ариутган, халдваргүйжүүлэх бэлдмэл импортолсон бол 2020 он гарснаас хойш гуравхан сарын дотор 77 911 кг-ыг оруулж иржээ. Энэ нь цаашид уг бодисын хэрэглээ улам нэмэгдэхийг харуулна. БНХАУ, АНУ, БНСУ, ОХУ, Герман, Франц, Сингапур зэрэг 13 улсаас импортолсон 77 911 кг бодист гэхэд 391 804 ам.доллар зарцуулжээ. Үүнийг валютын өчигдрийн ханшаар тооцвол нэг тэрбум 89 сая төгрөг юм. Гэнэт яагаад тоо бодуулав гэхээр энэ мөнгийг хэд дахин хэмнэх боломж бидэнд байгаа учраас. Өөрөөр хэлбэл, манай улс ариутган, халдваргүйжүүлэх бодисоо дотоодоосоо 100 хувь хангахгүй юм гэхэд тодорхой салбарт ашиглах нөөц бий талаар одоо өгүүлье.
Монгол эрдэмтэд кальцийн ислийн гидрат буюу бөсгөсөн шохой гарган авч, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хэдийн нэвтрүүлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Олон салбарт өргөн хэрэглэх боломжтой учир уг шохойн ид шидийг үргэлжлүүлэн судалсан юм. Эдүгээ, цаашид ч бид ариутган, халдваргүйжүүлэх бодист их хэмжээний мөнгө “хаяна”. Тиймээс ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийнхний судалгаагаар, байгалийн гаралтай, хүний биед хортой нэг ч элемент агуулаагүй гидратын шохойг ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэвтрүүлэхийг “Өнөөдөр” сонин уриалж байна. Улс орнууд хилээ хааж, эдийн засаг ташраараа сульдаж, үндэсний компани, аж ахуйн нэгжүүд модоо барихдаа тулаад байхад төр, засгаас нэг ч гэсэн үйлдвэрлэгчээ дэмжиж, төсөв санхүүгээ хэмнэхийн төлөө ажиллана гэдэгт найдаж байна.
“Армоно нэгдэл” ТӨҮГ-ын эрдэмтэн, судлаачид байгалийн чулуун шохойг өндөр температурт шатааж, гарсан бүхэл шохойг унтраах урвалаар кальцийн ислийг ялган авчээ. Импортын шохойноос ялгаатай нь дутуу шатсан шороо, чулуу агуулаагүй, 90-95 хувийн цэвэр гидроксид кальци аж. Бөсгөсөн шохойг ариутгал, халдваргүйжүүлэлтэд ашиглахад ямар саад, бэрхшээл тулгарч байгааг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очироос тодруулсан юм. Тэрбээр “Нийслэлийн хөрсийг гол бохирдуулагч нь гэр хорооллын нүхэн жорлон. Үүнээс болж зарим хэсэгт хөрсний бохирдол 70 метрийн гүнд хүрээд байна. Мөн зах, худалдааны төвийн эргэн тойронд, орон сууцын хорооллын булан тохой газар, хаа сайгүй харагдах ил задгай хогийн болон ялгадсын цэгүүд, үерийн далан, шуудуу гэхчлэн орчин бохирдуулагч эх үүсвэр нийслэлд олон болж. Энэ бүхнийг ариутгаж, халдваргүйжүүлэхэд манай бөсгөсөн шохойг ашиглах боломжтой. МХЕГ-ын төв лабораторид бодисынхоо нянгийн үйлчлэлийг шинжлүүлэхэд хөрсийг хамгийн их бохирдуулж, гэдэсний халдварт өвчин тараадаг нян, бактерийг бүрэн устгаж байгаа нь тогтоогдсон. Тиймээс бид бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьсон юм. Мэдээж импортын энэ төрлийн бүх бодисын оронд гидратын шохойг ашиглах боломжгүй. Ядаж нүхэн жорлон, гуу жалга, үерийн суваг, шуудуу, ил задгай хогийн цэгүүд, зах, худалдааны төвийн ойролцоох хөрсийг бөсгөсөн шохойгоор ариутгаж, халдваргүйжүүлдэг болчихвол сайн сан. Ариутгал, халваргүйжүүлэлтэд ашигладаг химийн бодисын жагсаалтыг энэ онд шинэчлэхдээ бөсгөсөн шохойг оруулсан нь сайшаалтай. Гэсэн ч үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл авахын тулд хувийн эмнэлэг, эмийн үйлдвэрийн дайтай л бичиг баримт бүрдүүлнэ шүү дээ. Ёс журмынх нь дагуу шаардлагатай материалуудаа бүрдүүлээд, нийслэлийн Захирагчийн ажлын албанд өгсөн. Энэ удаа дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Баргил тех” компанийнхны бөсгөсөн шохойг ариутгал, халдваргүйжүүлэлтэд ашиглахыг зөвшөөрвөл тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бодисоо үйлдвэрийн үнээр нийлүүлнэ гэсэн. Учир нь арьс ширний үйлдвэрүүд хаалгаа барьснаас хойш тэд гол нийлүүлэгчээ алдаж, хүнд байдалд оржээ. Тиймээс бүтээгдэхүүнээсээ нэг ч төгрөгийн ашиг авахгүй, үйлдвэрээ тасалдуулахгүй явуулж, ажлын байраа хадгалж л байвал болох аж.
Сонирхуулахад, халдваргүйжүүлэх шүлт өндөртэй бөсгөсөн шохойг АНУ, Европын орнуудад өргөн ашигладаг юм билээ. Тодруулбал, Европын Холбооны улсууд гидратын шохойг хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламжийн лагийг ариутгаж, үнэрийг дарахад ашиглахыг бүр хуульчилсан байдаг аж. Түүнчлэн Америкийн байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA), ДЭМБ-аас ариутгал, халдваргүйжүүлэлтэд гидратын шохойг өргөн ашиглахыг улс орнуудад зөвлөжээ. Учир нь унтраасан шохой нь хүний биед ямар ч хоргүй, байгалийн эрдэс бодис тул ийнхүү нэр хүнд өндөртэй. Мөн Германы эрдэмтэд коронавирусийг ямар бодист мэдрэмтгийг судлахад хлорын шохой хамгийн үр дүнтэй гарсан юм байна. Гэсэн ч уг ариутгалын бодис хурц үнэртэй, эрүүл мэндэд маш хортой тул дэлхийн олон оронд хлорын шохойноос татгалзаж эхэлжээ. Манайх бөсгөсөн шохойгоо хлоржуулаад, ариутгалд хэрэглэж болох ч заавал химийн хор нэмж холихгүйгээр цэврээр нь ашиглахыг зорьжээ.
Бөсгөсөн шохойн ид шидийг зах зухаас нь танилцуулахад, мал, амьтны олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх, шимэгчийг устгах, хашаа, саравч, тэжээвэр амьтдын байрыг ариутгах зорилгоор ашиглана. Мөн нарийн ногооны хүлэмжийн нянгийн үржлийг урт хугацаагаар зогсоох чадалтай. Хүнсний агуулах, ногоо, жимсийг хүртэл халдваргүйжүүлнэ. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, шүдний ломбо, цаасны үйлдвэрлэл, эмульс, замаск, хөрсний бордоо хүртэл болгон ашигладаг гэж байна. Энд дурдсанчлан өргөн хүрээнд ашиглаж чадахгүй ч ядаж ариутгалын зориулалтаар хэрэглэвэл импортын бодисын хэмжээ (графикт үзүүлсэн)-г бууруулаад зогсохгүй, улсын мөнгийг тодорхой хэмжээнд хэмнэх нь дамжиггүй.
Бөсгөсөн шохойн бас нэгэн чадварыг танилцуулъя. “Баргил тех” компанийнхан гидратын шохойгоороо шахмал түлшний барьцалдуулагч хийж, албан ёсоор үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Шахмал түлшний найрлага дахь хүхэрлэг хий ДЭМБ-ын зөвшөөрөх хэмжээнээс хэд дахин их байгаа тул үүнийг багасгах аргыг нэвтрүүлсэн юм байна. Олон улсад түлшнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулах 400 гаруй аргачлал байдаг аж. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй, зардал багатай, түүхий эдийн олдоц ихтэй нь гидратын шохой гэнэ. Тодруулбал, шахмал түлшний барьцалдуулагчид шохойг тусгай технологиор хольсноор хүхрийг агаарт бус, үнсэнд булах боломжтой. Учир нь гидратын шохой нь хүхэрлэг хийг өөртөө нэгдүүлж, шаталт дуусахад гипс болгож хувиргадгийг Б.Очир хэлсэн. Тэрбээр барьцалдуулагчийнхаа эл “чадварыг” нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лабораторид шинжлүүлэхэд хүхэрлэг хийн хэмжээг дөрөв дахин бууруулсан үр дүн гарчээ. Тиймээс “Таван толгой түлш” ХХК-тай хамтран, энэ жил шахмал түлшний үйлдвэрлэлд уг технологийг нэвтрүүлж болох, эсэхийг туршиж эхэлжээ.