Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн С.Отгонбаяр ахлагчтай 10 эмчийн бүрэлдэхүүнтэй баг бамбай булчирхайн зангилаа авах мэс заслыг анх удаа дурангаар хийсэн нь амжилттай болжээ. 37 настай эмэгтэйн бамбай булчирхайн баруун талд нь уйланхайт зангилаа үүсэж, гэнэт томрон, амьсгалахад төвөгтэй болсон тул эмч нар шингэнийг нь соруулах эмчилгээ хийсэн ч үр дүн гараагүй байна. Тиймээс өнгөрсөн сарын 25-нд дээрх аргыг сонгон, эмчилжээ. Энэ талаар С.Отгонбаяр эмчээс тодрууллаа.
-Дурангийн хагалгааны давуу тал олон. Тухайлбал, бамбай булчирхайн эмчилгээнд уг аргыг ашигласнаар ямар дэвшил авчрав?
-Манай эмнэлгийнхэн 1978 оноос хойш бамбай булчирхайн мэс заслыг нээлттэй хийж ирсэн. Уг өвчлөл хүн амын дунд элбэг тархсан тул улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим мэс засал хийдэг. Үүний 250-300-г нь манайх эмчилдэг. Уламжлалт буюу нээлттэй мэс заслын үед хүзүүний өмнөд хэсэгт 5-10 см хөндлөн зүсдэг тул сорви үлдэнэ. Цаашлаад эдгэрэх явц удаан. Харин дурангийн хагалгааны дараа ил шарх, сорви үлдэхгүй. Тодруулбал, бамбай булчирхайн зангилааг дурангаар авахын тулд хөх, суганы хүрц (BABA)-ээр тусгай гуурс шургуулахдаа таван мм л зүсдэг тул гоо сайхан алдагдуулахгүй, хөнөөл багатай гэсэн үг.
-Цаашид энэ төрлийн бүх хагалгааг дурангаар хийж боломжтой юу?
-Бамбай булчирхайн мэс заслын сүүлийн үеийн энэхүү технологийг бид тусламж, үйлчилгээндээ аль болох өргөн ашиглана. Гэхдээ өвчний үе шатаас хамаарч тодорхой заалтаар дурангийн хагалгаа хийдэг. Бамбайн зангилааны хэмжээ бага байвал уг эмчилгээг сонгох боломжтой.
-Бамбай булчирхайн зангилаат эмгэгийн шалтгаан юу вэ. Хэрхэн хүндэрдэг юм бол?
-Уг эмгэгийн 1-3 хувийг хортой хавдар эзэлдэг. Ихэнх тохиолдолд хоргүй зангилаа үүсдэг. Оношлуулж, эмчлүүлэхгүй удвал зангилааны хэмжээ томорч, хүзүү, хоолой дарах эрсдэлтэй. Эл өвчний төрөл, шалтгаан олон. Бамбай булчирхайн зангилаат үрэвсэл удамшлын, уурлаж, бухимдсанаас, халдвар, орчны нөлөөнөөс хүртэл үүсдэг. Өвөрмөц шинж тэмдэг багатай ч амархан уурлах, гомдох зэргээр сэтгэл тавгүйрхэж, ядарч сульдан, гэнэт зүрх дэлсэх нь нийтлэг. Монголчууд “Бамбай нь зүрхэндээ орсон” гэж ярьдаг. Энэ нь уг өвчний нэг л төрөл. Нүд мэдэгдэхүйц бүлтийж, айсан мэт харагдах, гар салгалах, цочих, уурлах, хөлрөх, турах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.