СОНГУУЛЬ-2020
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдийг хүлээн авч уулзан, УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, цар тахлын нөхцөлд иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг хамгаалах, олноор цуглуулахгүй байх чиглэлээр сонгуулийн төв байгууллагынхны байр суурийг сонсов. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат, Р.Содхүү, Ө.Энхтөр нар оролцсон юм.
Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Манай байгууллага сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн явуулж байна. Цар тахлын үед улс орнууд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг өдөр бүр авч байгаа. Сонгуулиа хойшлуулах улс байхад хугацаандаа явуулахаа зарим нь мэдэгдсэн. Онцгой байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийг хойшлуулахаар заасан тул бид харж, ажиглаж байна. Мөн өвчлөлийн талаар Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагынхан цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах байх гэж харж буй. Ер нь Үндсэн хуульд заасанчлан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай байдал үүсвэл сонгуулийг хойшлуулах нь зайлшгүй гэж бид үзэж байна” гэсэн бол гишүүн Р.Содхүү “Сонгуулийн үе шат бүрийг нь нарийн судлах хэрэгтэй болж байна. Жишээ нь, мөрийн хөтөлбөрийг цахимаар танилцуулна гэдэг бол худлаа. Нөгөө талаас нэр дэвших ажиллагаа эхэлснээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, намуудын байранд иргэд, сонгогчдын өргөн хэмжээний цугларалт болно. Сурталчилгааны 22 хоногт 2.2 сая сонгогч цуглахад ямар байдал үүсэх вэ. Энэ бүх цугларалт дөрөв, тавдугаар сард болно. Улмаар хамгийн их цугларалт сонгуулийн хэсгийн хороодод үүснэ. Хүмүүсийг цуглуулахгүйгээр хийдэг сонгууль гэж байхгүй. Тиймээс хэн нэгэн ашиг хонжоо олохдоо бус, үндэсний хэмжээний асуудал талаас нь харж, улс төрийн зөвшилцөлд хүрэх ёстой” хэмээв.
Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нэр дэвшигчдэд сонгогчидтой уулзах боломжийг нь бүрдүүлж, хангах нь бидний ажил. Гэхдээ уулзалт хийнэ гэхээр санаанд буухгүй байна. Дараа нь санал хураалт явуулна. Улсын хэмжээнд санал өгөх хэсгийн хороо 2070, санал тоолох машин 2500 бий. Улаанбаатарт 3000, аймгуудад 2000 хүртэл хүнтэй хэсгүүд байна. Гэвч ийм хэсгүүдэд олон машин байрлуулж, ажиллах хүний тоог цөөлөх боломжгүй” гээд эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэх саналтай буйгаа тодотгов. Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Сонгуулийн нэг хэсэг 3000 сонгогчтой, 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1800 хүн байна. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай. Нэг хүний санал өгөх хугацаа 30, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо зургаан секунд. Нийслэлд томоохон танхимд хийж болох ч орон нутагт өөр. Мөн 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрх нэр дэвшигчид бий. Нэг нэр дэвшигчийн ард 250 ухуулагч, шадар туслагч гээд хамгийн багадаа 300 хүн ажиллана. Улсын хэмжээнд 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллах нь.
Зардлын хувьд нэг нэр дэвшигчээс хамгийн багадаа 400 сая төгрөг гарахаар байгаа. Нийт нэр дэвшигчээс 280 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. 20 нам сонгуульд оролцоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг зарцуулах жишээтэй. Ингээд бодоход нам, эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг болж байна. Албан зардлыг нэмбэл 420 тэрбум төгрөг болно. Нэр дэвшигч сурталчилгааныхаа материалыг тойргийнхоо сонгогч бүрт биш юм гэхэд өрх бүрт хүргэхийг зорино. Сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая, штабтаа ажилласан 300 хүн тус бүрт 500 мянган төгрөгийн цалин, урамшуулал өглөө гэж тооцвол 150 сая төгрөг болохоор байгаа юм. Энэ бүхнийг тооцвол нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая, дээд тал нь нэг тэрбум төгрөгт хүрэхээр байна” гээд ийм их зардал гаргаж, сонгууль хийлээ гэхэд коронавирусийн тархалтын үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүсэхийг анхааруулсан. Гишүүн Ө.Энхтөр “Хүмүүс саналаа өгөх, эсэхэд асуудал үүсэж мэднэ. Тиймээс эхний ээлжид ард нийтээс судалгаа авах нь зүйтэй. Нөгөө талаас энэ өвчин тархлаа гэхэд барьж, тогтоох боловсон хүчин, шинжлэх ухааны нөөц, боломж манайд муу. Бид баталгаа гаргаж чадахгүй” гэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах талаар ярилцлаа. Мөн гадаад улсуудад буй иргэдийн нөхцөл улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчрах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл бийг харгалзах ёстой гэв. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд болзошгүй эрсдэлийн талаар ирэх долоо хоногт хуралдаанаараа ярилцаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлэх гэнэ.
Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Сонгуулийн ерөнхий хорооныхон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
-Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулах саналтай байгаа. Уулзалтын үеэр энэ саналаа илэрхийлсэн үү. Та бүхэн ямар саналтай байгаа вэ?
-Хэрэв хууль тогтоох дээд байгууллага сонгууль хойшлуулах шийдвэр гаргавал түүнийг л дагана. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийг товлон зарласны дараа УИХ-ын шийдвэрээр хойшлуулж, зогсоож болно гэсэн заалт байдаг. Товлон зарлахаас өмнө хойшлуулж болно.
-Сонгуулийг цахимаар явуулах боломжтой юу?
-Ер нь цахимаар явуулах тухайд 2012 оноос хойш бид судалж байна. Эстони улсад сонгуулиа цахимаар зохин байгуулсан сайн жишиг тогтсон байдаг. Цахим сонгуулийн хууль гэж тусдаа бий. Мөн Сонгуулийн цахим хороо гэсэн бие даасан байгууллагатай. Бусад оронд ч энэ чиглэлээр судалж байгаа юм билээ. Аюулгүй байдал, сонгогчдын саналын нууцлалаас болоод улс орнууд цахимаар санал хураалт явуулдаггүй байсан. Харин цар тахлын улмаас сонгуулийг цахимаар явуулах талаар нухацтай авч үзэж байх шиг.
-Ирц хүрэхгүй байх эрсдэлтэй талаар сая ярилаа шүү дээ.
-УИХ-ын сонгуулийн ирц хүрээгүй тохиолдол байхгүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. УИХ сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийгээд зохион байгуулна.