Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Энэ сарын 8-нд Дорноговь аймгийн Зам-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.
Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.
Сэлэнгэд батлагдсан иргэнийг ХӨСҮТ-д авчирч, эмчилгээ хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад авсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна.
Монгол Улсын Шадар сайд өчигдөр бидний ажилтай танилцаж баяр хүргэж, урмын үг хэллээ. ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа 200 хүнд 500,000-1,000,000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо бидэнд мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд яаралтай хэрэгцээтэй эм, урвалж, тоног төхөөрөмж, өрөөнүүдэд шаардлагатай засвар болон ажилтнуудын илүү цагийн мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд ХӨСҮТ-ийн хамт олон баярласнаа илэрхийлж байна " гэсэн мэдээллийг өглөө.