Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 212 оронд коронавирус бүртгэгдсэн байна
АНУ, Итали, Турк, Франц зэрэг 10 оронд халдвар эрчимтэй тархаж байгаа. Японд халдвар нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. ОХУ-д мөн халдвар нэмэгдэж, ялангуяа Эрхүү хотод өвчлөл нэмэгдсэн. БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 59 тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгдсэн байна.
Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 15 тохиолдол лабораториор батлагдаж, үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс ажиглалтын байранд шилжээд байна.
Өчигдөр тусгаарлан ажиглалтаас гарсан 92 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.
Дэлхийн улс орнуудад сүүлийн хоёр долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдлээ. Манай улсын багтдаг Номхон далайн баруун эргийн бүсэд COVID-19 халдварын нэгдүгээр давлагаа явж дуусаад хоёрдугаар давлагаа Европ, Азийн орнуудаас ирж байгааг анхааруулж байна. БНХАУ-д нэг хоногт л 50 гаруй халдвартай тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа нь үүнийг батлан харуулж байгаа юм" гэлээ.
Дэлхийн дахинд COVID-19-өөр 1,282,931 хүн өвчилж, 72,774 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн бол Итали, Францад 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралтын хувь 11 байгаа.
Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй.
Манай бүсийн орнууд буюу БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн байна. Харин Япон, Филиппин улсад нийслэл хотдоо их байна.