Сонгуульд оролцох нам, эвслүүд санаанд орсноо бурж, сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулдаг үе эргэн залрах нь. Учир нь уржигдар нээлтээ хийсэн хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэж буй хуулийн төслүүдийн нэг болох Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, эрх баригч МАН тэргүүтэй бүх нам мөрийн хөтөлбөрийн шалгалтаас мөр буруулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэрэгтэй зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг зөрчиж буй, эсэх талаар дүгнэлт гаргах Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг үүгээр үгүй хийх нь.
УИХ-ын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эсэх болон түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийнх нь талаар Үндэсний аудитын газар дүгнэлт гаргадаг болоод гурав дахь сонгуультайгаа золгох гэж байна. Мөрийн хөтөлбөрөөр зогсохгүй УИХ, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн хандив, санхүүжилт, зардлыг нь ч шалгадаг. Уржигдар гэхэд л УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 намын мөрийн хөтөлбөрт аудит хийсэн урьдчилсан дүгнэлтээ Үндэсний аудитын газраас танилцуулж, ердөө улс төрийн долоон хүчний баримт бичиг л шаардлага хангасныг мэдэгдсэн. МАН, АН тэргүүтэй бусад 20 намын 12 мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй тул буцаагаад буй. Дундаж цалинг 2-5 сая төгрөгт хүргэх, орон сууц үнэгүй олгоно, барьцаагүй зээл өгнө, уул уурхайн баялгаас хишиг, хувь хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх мэтээр хэрээс хэтэрсэн зүйлсийг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь сонгогчдын саналыг татах гэсэн худал амлалт, биелэх боломжгүй гэж үзсэн учраас хүлээж аваагүй гэсэн үг. Ийн урьдчилсан дүгнэлтээр шаардлага хангаагүй “том”, “жижиг” нам, эвслүүд тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө “засаад”, хуульд нийцүүлчихвэл асуудалгүй, бүгдээрээ сонгуульд оролцоход нэг алхам урагшилна. Мөн аудитынхан ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнөх оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд нам, эвсэлд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивыг хянахаар холбогдох мэдээ, тайланг нь хүлээн авч эхэлсэн.
Харин одоо энэ бүхнийг Үндэсний аудитын газар хийхээ болих гэж байна. Ер нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, санхүүжилт хяналтгүй хоцрох нь. Учир нь Үндэсний аудитын газрын бүрэн эрхээс энэ чиг үүргийг хасаад өөр хаашаа, хэнд, аль байгууллагад шилжүүлэх тухай зохицуулалт огт алга. Магадгүй өөр байгууллага, тухайлбал, сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо, улс төрийн намуудыг бүртгэж, баталгаажуулдаг Дээд шүүхэд энэ эрхийг шилжүүллээ ч тэд төрийн аудитын байгууллага шиг тооцоо, судалгаатай, мэргэжлийн гэмээр ажиллаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ намууд, улстөрчдийн популист амлалтын золиос нь өнөөгийн бид, Монгол Улс болчихоод буй. Сонгогч биднийг гайхшируулах зүйлс сонгуулийн сургаар л амилж эхэлдгийг та бид юу эс андах билээ. Ёстой л амлалтаараа чихэн дээр цэцэг ургуулж, ухаан алдмаар “сюрприз” барьдаг. “Эрдэнийн хувь” гэж иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх АН-ын амлалтын араас өнөөгийн МАН-ынхан “Эх орны хишиг” болгон 1.5 сая төгрөг өгнө гэснийг мартаагүй л биз дээ. Эдгээр бэлэн мөнгөний амлалтаас болж манай эдийн засаг хэрхэн сөхөрч, хойшид бидэнд ирэх байсан олон боломжийг үгүй хийж, хулгайлсныг хэлэх нь илүүц байж ч мэднэ.
ШИНЭН гэж хүчин байгуулсан хүмүүс одоо гурваас олон хүүхэдтэй айл өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулна гэсэн гоё гоё зүйлийн талаар яриад удаж байна. Ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт нэг хэсэгтээ моодноос гарахгүй. МАХН гэхэд л иргэдийг орон сууцжуулах хүүгүй, урьдчилгаагүй зээлд хамруулах хөтөлбөр боловсруулаад буй. Тэдний санаачилсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг хүүгүй зээлд хамруулж, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцад оруулах юм гэсэн. Цаашлаад цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай яриа мөнхийнх. Ингэхдээ эмч, багш нарын цалинг хөндөхгүй байна гэж үгүй. ХҮН-ынхан лав багш, эмч нарын дундаж цалинг хоёр сая төгрөгт хүргэнэ гээд хэдийн амлачихсан. Саяхан нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэхдээ сүржин мэдэгдэл хийж, цалинг маань таван сая төгрөгт “хүргэж”, тав тухтай орон сууц бараг л “бэлэглэчихсэн”. Сонгогчдын зарим нь тэдний ярьсан зүйлээр “сошиал”-д маазарч, даажигнаж, биднийг доромжиллоо хэмээн бухимдаж байхад харин цөөнгүй нь хэдийн итгэж, горьдлого тээж, саналаа “худалдах” бэлтгэлээ базаасан болов уу. Энэ бол мөрийн хөтөлбөр гэдэг зүйл “мөрөөдлийн жагсаалт”, сонгогчдыг хуурах цаас байж болохгүйн наад захын нотолгоо, энгийн жишээ.
Нөгөө талаас намуудын сонгуулийн санхүүжилт манай нийгэмд хамгийн их анхаарал татаж буй атлаа засаж, залруулж, зөв голдиролд нь оруулж дөнгөхгүй байгаа том асуудал нэгэнт болчихсон. Дөрвөн жилд нэг удаа болдог, төрийн эрхийг авахын төлөөх эл өрсөлдөөнд намууд ёстой л юу байгаагаараа дэнчин тавьж оролцдог. Хэдхэн сарын хугацаанд асар их хэмжээний хөрөнгийг ил, далд цацдаг. “60 тэрбум” байтугай хөрөнгийг зүгээр л цацаж орхидог. Харамсалтай нь, тэр мөнгө хаанаас гарч, хэний халаасанд очиж, буцаад хэний хэтэвчийг түнтийлгэдэг нь тодорхойгүй. Гэвч “но”-той гэдэг нь эргэлзээгүйг хэн бүхэн мэднэ. Гинжин урвал аятай, эрчээ аван буруу эргэх хүрд мэт, “чөтгөрийн” гэмээр энэ тойргийн хамрах хүрээ нэмэгдсээр байгаа нь нууц биш. Үүнд хууль ёсны дагуу, бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьж байсан цор ганц байгууллага нь Үндэсний аудитын газар. “Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг шиг бүрэн дүүрэн биш ч гэлээ тус байгууллага нам, эвслүүдэд зохих ёсоор, тодорхой хэмжээнд хяналт тавьж ирсэн юм. Угтаа сонгуульд оролцоход нь мөрийн хөтөлбөрийг нь дүгнээд өнгөрөх бус, ялж, УИХ, Засгийн газрыг бүрдүүлсэн нам, эвсэл амласнаа биелүүлж, хэрэгжүүлэв үү гэдгийг ч шалгах эрхийг Үндэсний аудитын газарт өгч, эрх, үүргийг нь өргөтгөх ёстой атал бүр хасаад, хэнд ч хамаагүй болгох нь.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд өнгөрсөн сарын 27-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн төслийг санаачлагчид дээрх заалт нь 2003 онд анх баталсан Төрийн аудитын тухай хуулийн үйлчлэх хүрээнээс хальсан, үзэл баримтлал, зорилготой нь нийцээгүй, хэрэгжилтийн үр нөлөө нь тодорхойгүй, төрийн аудитын байгууллагыг улс төрийн шинжтэй харилцаа, маргаанд татан оруулах эрсдэлтэй, Үндэсний аудитын газрыг төсөв, санхүү, хүний нөөцийн хувьд хүндрэл үүсгэж байгаа тул хасахаар тусгасан гэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2011, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2012 онд шинэчлэн батлахдаа сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аудит хийх агуулгатай дээрх заалтыг нэмсэн нь үнэн. Үнэхээр ч 2003 оноос хойш уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, анх баталсан хуулийн 60 орчим хувь нь өөрчлөгдсөн тул зүйл, заалтууд нь өөр хоорондоо тохирохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Улс төрийн намуудын хүсээгүй дүгнэлтийг гаргаснаасаа болж элдвээр хэлүүлж магадгүй. Жишээ нь, энэ удаагийн сонгуульд оролцох хүсэлтэй 20 орчим намын мөрийн хөтөлбөрийг “том”, жижиг”, парламентад суудалтай, суудалгүй, эрх баригч хийгээд гудамжинд жагсдаг гэдгээр нь ялгалгүй хүлээж аваагүй нь элдэв дарамт, шахалт ирэх шалтгаан байж болох юм. Цаашлаад улс орны хэмжээний томоохон бодлогыг зурагласан мөрийн хөтөлбөрийг шалгаж, дүгнэхэд тэдний төсөв, санхүү, хүний нөөц дутагдаж байх талтай. Энэ мэт олон асуудал тулгарч болох ч хуулиас холбогдох заалтыг нь хасаж, намуудыг “айлгадаг” аудитын дүгнэлтийг алга болгох нь шийдэл биш.
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслээс Үндэсний аудитын газарт ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн талаар урьдчилсан дүгнэлт гарсантай холбогдуулан АН, МАН тэргүүтэй ихэнх намыг айсуй сонгуульд оролцуулахгүй, бүртгэхгүй гэж зарим нь ойлгоод байх шиг. Тэдэнд алдаагаа засах тав хоног бий талаар дээр дурдсан. Тэгвэл тэд аудитаас тавьсан зөрчлийг арилгаагүй байсан ч сонгуульд оролцохыг нь хязгаарлахгүй байх нөхцөл уг хуулиар бүрдэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байсан уг хуулийн төслийг хамгийн эхэнд яаран хэлэлцэж байгаа нь ийн хардахад хүргэж буй юм. Өчигдөр гэхэд л Төсвийн байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Санаачлагчид нь уг хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх гэж буй талаар хэлж байгаа ч үүнээс чухал, нэн тэргүүнд батлах ёстой төсөл нэг бус бий. Жишээ нь, Засгийн газрын тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх шаардлага энэ парламентын өмнө тулгарч буй бөгөөд үүнтэй холбоотойгоор У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах тухай яриа хэдийн гарч, талцал, маргаан дагуулж байгаа. Үнэмлэхүй олонх бүхий эрх баригчид Төрийн аудитын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд баталж, шууд мөрдөөд эхэлчихвэл Үндэсний аудитын газраас буцаасан мөрийн хөтөлбөртэй дахин зууралдах шаардлагагүй болж ч мэднэ. Учир нь Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрүүдийн талаарх эцсийн дүгнэлтээ энэ сарын 25 гэхэд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнө баталж, мөрдөөд УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулчихвал өнөөх намууд аудитын дүгнэлтээс цэвэрхэн бултчихна. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглохоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан ч түүнийг дагаж, мөрдөх хугацаа ирэх сарын 25-наас эхлэх тул энэ хугацаанд дахин гар хүрэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан, сонгуульд оролцох намуудаас Сонгуулийн ерөнхий хороо мөрийн хөтөлбөрийн талаарх аудитын дүгнэлт нэхдэг байсныг болиулчихад л хангалттай.