Монгол Улсад сүүлийн үед мэдээллийн технологи, цахим орчинг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нэмэгдэж, хууль бусаар олсон орлогыг нуун далдлах зорилгоор мөнгө угаах, татвараас зайлсхийх зэрэг санхүүгийн гэмт хэргүүд давхар үйлдэгдэж байна.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.
-Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглох үйлдэл сүүлийн үед ихсэх боллоо. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нийт 655 зөрчлийн гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 363 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, 292 гомдол, мэдээллийг шалгах хуулийн хугацаанд торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Нийт шалгасан зөрчлийн хэрэг, гомдол, мэдээллээс үзвэл 2017 онд нийт 72 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 42 гомдол, мэдээлэлд, 2018 онд нийт 276 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 150 гомдол, мэдээлэлд, 2019 онд нийт 307 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 171 гомдол, мэдээлэлд тус тус зөрчлийн хэрэг нээж шалгасан.
Мөн Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг 2017 онд эрүүгийн хуулиас хасч зөрчил гэж үзэж байсан бол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн.
-Цагдаагийн байгууллагаас хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг илрүүлсэн гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар тодруулбал.
- Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фейсбүүк, пэйж акаунт, гар утасны апплэкейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авсан.
Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, бэлэн мөнгө 250,0 сая төгрөгийг биетээр, макбүүк, нөтебүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл, компаний бичиг баримт, гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490.0 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200.0 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836.0 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжилж хураасан.
- Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдийг илүүлж нийт нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжилсэн гэж байна. Мөрдөн шалгах явцад өөр эд хөрөнгө, мөнгөө нуун дарагдуулсан зүйл илрээгүй юу?
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх этгээдүүд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхолыг ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж, үүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдон, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
- Эдгээр хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?
- Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах тухай хуулийн заалт байдаг. Үүүнд:
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус нэмэлт өөрчлөлт орж хуульчлагдсан байна.
-Мөрийтэй тоглоом тоглох нь хүнд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Мөрийтэй тоглоом нь хүнийг донтуулах нөлөөтэй тийм ч учраас нийгэмд учруулах хор нөлөө их, донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай, залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлддэг.
-Цахим орчинд үйлдэгдэж байгаа эдгээр гэмт хэрэг интернетийн хязгааргүй хэрэглээнээс үйлдэлтэй байж болох талтай. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад сүүлийн үед цахим орчны хяналтгүй байдал, интернэтийн хязгааргүй хэрэглээнээс болж цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт иргэд их хэмжээгээр хөрөнгө мөнгө, эд зүйлсээ хууль бус үйл ажиллагаанд алдаж байна.
Иймд иргэд та бүхэн мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрээр тоглох хууль бус үйлдэл хийхгүй байх нь таны болон танай гэр бүлд учирч болох ноцтой хор уршгаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг анхаарч, гэмт хэргийн талаар бодит үнэн зөв мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг хүсье.
-Ярилцсанд баярлалаа