Засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 337 дугаар тогтоол баталсан. “Багануур дүүргийн III хорооны нутаг дахь 10 га, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэвэрлэх байгууламж”-ийн дэргэд 22 га газрыг аюултай хог хаягдал, лаг боловсруулах, булшлах, устгах байгууламж барих зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор баталсугай” гэж уг тогтоолд дурдсан юм. Аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг манай улсад зайлшгүй хэрэгтэй боловч газраа буруу сонгосон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, нууц тогтоол баталсан нь энэ. Улсын хэмжээнд өдөрт 5000 тонн хог хаягдал гардгийн 3000 орчим нь ахуйн хэрэглээний буюу энгийнх байдаг. Үлдсэн 2000 тонн хогийн 40-50 хувь нь үнс, 30-40 нь аюултай, 10 нь тусгай аюултай хаягдал.
Ийм хэмжээний тусгай аюултай хог хаягдлын зарим нь ямар ч хараа хяналтгүй хогийн цэгт очиж байгаа талаар бид өмнө нь хөндсөн. Аюултай хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийг тоочоод байвал дуусахгүй. Тэгвэл хүний эрүүл мэнд, байгальд сөрөг нөлөөтэй эл хог хаягдлын төвлөрсөн цэгийг манай улс 2013 онд байгуулах боломжтой байжээ. Гэвч өдийг хүртэл яагаад барьсангүй вэ. Засгийн газар дээрх цэгийг байгуулах ажилд өнгөрсөн оноос л ханцуй шамлан орсон юм биш. Өмнө нь ч ярьж байсан. Тодруулбал, БХБЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” зураглалын материалыг Г.Лхагвасүрэн, С.Цахиур, Г.Нарангэрэл нараар ахлуулсан 30 гаруй эрдэмтдээр боловсруулсан байна. Уг баримт бичгийн бүрдэлд дан ганц аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг барихаас гадна өөр олон зүйлийг тусгасан байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын газар зохион байгуулалтыг шинээр төлөвлөх, зам тээврийн сүлжээг сайжруулах, дулаан, цахилгаан, усан хангамж зэрэг инженерийн дэд бүтцийг шинэчлэх, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх, голуудын урсцыг сайжруулах, хог хаягдлын менежмент, эх үүсвэр дээр нь устгах, ариутгал татуурга, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг ажил төлөвлөжээ. Харамсалтай нь, манай 30 гаруй судлаач хамтран боловсруулж, гурван жилийн турш судалгаа, шинжилгээ, туршилт хийсэн уг зураглалын материалыг УИХ-аас баталсан боловч ажил болж чадалгүй, мартагдаад өнгөрсөн. Тухайн үед баталсан даруйд нь ажлаа эхлүүлсэн бол аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихсон байхыг үгүйсгэх аргагүй. Судалгааны үр дүнд төлөвлөгөө гаргаж, УИХ-аас түүнийг нь боломжтой гэж үзээд баталчихсан байхад эл ажлыг эхлүүлээгүй нь ямар шалтгаантай юм бол.
Манай улс хог хаягдал дахин боловсруулах, шинэ цэвэрлэх байгууламж барих, инженерийн дэд бүтцээ шинэчлэх зэрэгт багагүй мөнгө төсөвлөдөг, мөн гадаадын орнуудаас санхүүжилт авдаг. Гэвч олигтой үр дүнд хүрдэггүй нь нууц биш. Жишээлбэл, 2016 онд АСЕМ-ыг угтан 8.1 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн үнэрийг түр дарж байв. Тухайн үед Ус сувгийн удирдах газрынхан үртэс, уусмал цацах зэргээр боломжоороо арга хэмжээ авч байснаас биш, төрөөс дорвитой анхаарч байгаагүй гэж гомдоллосон удаатай. Хоёр жилийн дараа буюу 2018 онд 35 тэрбум төгрөгийн төсөв баталж, усгүйжүүлэх тоног төхөөрөмж авч, үнэрийг багасгаж ажиллана гэж байв. Бас л олигтой үр дүнд хүрээгүй. Монголын “Эко тайхи”, Японы “Эко энержи систем” компанийнхан хамтран цэвэрлэх байгууламжийн 900 мянган шоо метр лагийг бордоо болгосон ажлаас тусдаа төлөвлөсөн хөрөнгө гэдгийг санаарай. Бага хөрөнгөөр их ажил хийх боломж нь байсан авч манайхан ашигласангүй. Монгол эрдэмтэн, судлаач, боловсон хүчнийхээ хийсэн бүтээлийг голж, бага зардлаар хийх ажлыг нь гадаадын компаниудаар өндөр үнээр хийлгэдэг жишиг тогтоод удсаныг харуулах бас нэгэн жишээ.
Дээрх зураглалын төсөл ажил бололгүй мартагдсан нь сонирхолтой. Эрх мэдэлтнүүд гадаадын компаниудыг оруулж ирж дундаас нь мөнгө унагав уу, эсвэл монгол эрдэмтэд судалгаа, шинжилгээгээ хийхдээ алдаа гаргав уу. Тухайн үед дээрх зураглалын төслийг захиалан хийлгэсэн БХБЯ болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхнаас энэ талаар тодруулахад олигтой хариу өгсөнгүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С.Аригуун энэ талаар “Өмнө нь энэ төслийн талаар сонсож байгаагүй юм байна. Тухайн үед УИХ биднээс нууцаар баталсан байж болох юм. Үнэхээр судалгаа, шинжилгээ нь хийгдээд, баталсан юм бол хөрөнгө мөнгө нь яаж шийдэгдсэн, хэн барихыг нь болиулсан талаар мэдэхгүй. Манай Захирагчийн ажлын албанд хамааралгүй” гэв. Харин БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн А.Энхтүвшингээс тодруулахад бас л “мэдэхгүй” гэх хариулт өгөв. Анх санаачилга гаргаж довитой хөдөлж байсан хоёр газар нь энэ талаар огт мэдэхгүй болоод өнгөрөх нь тэр. Хямд зардлаар аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг, шинэ цэвэрлэх байгууламж барих зураг төсөл нь байсаар атал өдийг хүртэл баригдаагүй шалтгааныг хариуцсан газрууд нь мэдэхгүй болж таарлаа. БОАЖЯ-ны Хог хаягдал, аюултай хог хаягдлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн А.Оюунаас тодруулахад “БОАЖЯ-наас аюултай хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах саналыг удаа дараа гаргасан. Ийм цэг манай улсад зайлшгүй шаардлагатай. Гэвч өдийг хүртэл баригдаагүй. Харин 2013 онд нарийн судалгаа хийгдэж, байгуулах газрыг нь сонгосныг мэдээгүй. Мөн яагаад баригдаагүй нарийн учрыг нь манайх мэдэхгүй” гэв. Аюултай хог хаягдал, шинэ цэвэрлэх байгууламжийн барилгыг хариуцан ажиллаж буй салбарынхан нь мэдэхгүй гэхээс өөр хариулт хэлж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Аюултай хог хаягдлын төвлөрсөн цэгийг яагаад Багануур дүүргийн нутагт барих болсон талаараа Засгийн газар мэдээлэл хийгээгүй. Мөн нарийн судалгаа, шинжилгээ хийсэн, эсэх нь тодорхойгүй байна. Тэгвэл 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” зураглалын материалыг боловсруулахдаа маш нарийн судалгаа хийжээ. Тус цэгийг байгуулах газрыг хоёр жилийн турш хайсны эцэст Багахангай дүүрэгт барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, дээрх зураглалын төсөлд “Хяналттай тусгай, аюултай хаягдлыг хүлээн авах цогцолборыг одоогийн төв цэвэрлэх байгууламж орчимд төлөвлөгдөж буй терминальд байгуулан тэндээс нь галт тэрэг, зориулалтын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн “Онцгой хаягдлын бүсэд” хүргэнэ. Онцгой хаягдлын бүсийг Улаанбаатар хотоос 74 км зайд, Улаанбаатар-Багахангай чиглэлийн төмөр замын “Чулуут” өртөөнөөс баруун тийш гурван км-т орших, хуучнаар Зөвлөлтийн цэргийн ангийн зориулалттай байгууламжийг ашиглан байгуулахаар төлөвлөв” гэжээ. Хүн амын суурьшил бага, хуучин цэргийн зориулалтаар ашиглаж байсан эл газарт аюултай хог хаягдлыг боловсруулах, булшлах, хадгалахад тохиромжтой гэж үзжээ.
УИХ-аас 2013 онд баталсан эл төслийн судалгаа, шинжилгээ, туршилт нь үнэн бодит, зохиогчийн эрхээр хамгаалагдсан атал ажил болгож чадалгүй хэчнээн төгрөг салхинд хийсгэснийг товчхон дурдъя. Шинээр цэвэрлэх байгууламж барих ажил хойшлогдсоор 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр баригдах болсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт 2018 онд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилж байв. Гэвч өдгөө хоёр жилийн нүүр үзсэн хэдий ч ажил хараахан эхлээгүй. Энэ хавар барилгын ажил нь эхэлбэл 2023 онд ашиглалтад оруулах сурагтай. Уг зээл жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулсан.
Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас, үлдсэн 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм. Дэлхий нийтээр тархаад буй коронавирусийн улмаас бүтээн байгуулалтын ажил тодорхойгүй хугацаагаар түр хойшилжээ. Хэрвээ энэ хавартаа амжиж барилгын ажил эхлэхгүй бол түлхүүр гардуулах ёслол дахин нэг жилээр хойшилж магадгүй. Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгаа. Гэтэл монгол эрдэмтэд аль долоон жилийн өмнө ийм зураг төсөл гаргачихсан байдаг. Гэвч шийдвэр гаргагчид үүнийг мэдэхгүй байна. Бүтээн байгуулалтад ажиллах хүчний талаас доошгүй хувь нь монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийг 100 хувь БНХАУ-аас импортлох болсон. Харин Монгол эрдэмтдийн хийсэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” төслийн үр дүнд 24 боловсруулах үйлдвэр, 22 цех, найман биомассын цахилгаан станц, 9000 орчим байнгын ажлыг байр бий болгох байжээ.
Дээрх зураг төсөл алдаатай байв уу, эсвэл монгол эрдэмтдээ голсон уу гэдэгт тодорхой хариулт өгөх албаныхан алга.
Бэлтгэсэн: Ж.Туул