Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайханд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсанд “Прокурор дуудлаа. АТГ-аас бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ” хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдээлж байсан билээ. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард Шведэд суух Элчин сайдын албан тушаалаас эгүүлэн татаж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ШШГЕГ-ыг харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж байсан юм. Түүнийг буруутгасан үндэслэл нь 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүнээ шалгуулахаар 178 хуудас баримт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд өгч, уг материалыг нь АТГ-ынхан шалгахдаа М.Энхсайханыг холбогдуулсан бөгөөд өдгөө дээрх шүүхэд очоод буй хавтаст хэргээс Ц.Элбэгдоржийн үйлдлийг тусгаарласан юм. Улмаар М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдээд буй. Ингэхдээ “УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн” хэмээн дурдсан байдаг.
Харин сайд асан М.Энхсайхан буруутгаж буй үндэслэлийг нь хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, хэвлэлд нэг бус ярилцлага өгсөн. Хууль сахиулах байгууллагаас, тэр дундаа НПГ-аас яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсгийг баримталсныг М.Энхсайхан олон нийтэд ил болгосон билээ. Бидэнд олдсон мэдээллээр сайд асныг буруутгасан гол үндэслэл нь дээрх хуулийн зүйл заалтын “Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор... үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үг, өгүүлбэрүүд юм байна. Мега төслүүд хариуцсан сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордод тавих төмөр зам, нүүрсний уурхайн ажлыг гацаасан хэмээн түүнийг буруутгаж буй. Түүний зэрэгцээ өөрийнхөө хөлөглөж байсан хуучин автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр шахсан гэх “зүүсгэлүүд” ч дагуулан шүүхэд шилжүүлсэн юм байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдох хэргийг хэдийд хэлэлцэхээр товлох нь хараахан тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн хугацаанд хянаад, дээрх хугацаанд ямар нэг шийдвэр гаргах боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хоног сунгах эрх зүйн зохицуулалттай. Үүнийг баримтлан энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ямар нэг шийдвэр гаргах бололтой.