Шинэ төрлийн коронавирус өчигдөр 18.00 цагийн байдлаар 205 улс, бүс нутагт тархаж, халдвар авсан хүний тоо 860 000- ыг давлаа. Манай улсад 14 дэх тохиолдол өчигдөр илэрч, 2272 хүн тусгаарлалтад байв. ЭМЯ-наас өчигдөр иргэдэд коронавирус “нуугдаж” байгааг онцлон анхаарууллаа. Тодруулбал, халдвар авсан иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол олширчээ. БНХАУ-д гэхэд ямар ч шинж тэмдэггүй 1500 хүнээс “Ковид-19” илэрсэн байна. Манай улсад ирсэн хоёр турк иргэнээс ч шинж тэмдэг илрээгүй, урьдчилан сэргийлэх тандалтын хүрээнд илрүүлсэн билээ. Шинэ өвчин ийнхүү өөрийгөө “далдлах” болсон тул иргэд амны хаалт тогтмол хэрэглэж, анхаарлаа огт сулруулахгүй байхыг ЭМЯ-наас уриаллаа.
Бэлтгэсэн: М.Оч
Хөл хорио, хязгаарлах арга хэмжээ үр дүнд хүрчээ
Европын бараг бүх орон хөл хорьж, хязгаарлах бусад арга хэмжээ авснаар шинэ төрлийн коронавирусээр нас барсан хүний тоогоо бараг 60 мянгаар цөөрүүлж, үүнээс хоёр дахин олон хүний амь аварч чадсан тухай “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Итали, Испани, Франц, Британи зэрэг тус тивийн баруун хэсгийн 11 улсын мэдээллийг үндэслэн ийм дүгнэлт хийсэн аж. “Lancet” сэтгүүлд бичсэнээр “Ковид-19”-ийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш өвчтөн дунджаар 25 хоногийн дараа бүрэн эдгэрч байна.
Москвачууд гэрээсээ гарахын тулд QR код авах шаардлагатай. Энэ нь хөл хорионы дэглэмээ хүмүүс сахиж буй, эсэхэд хяналт тавихад тус болох гэнэ. БНХАУ-д халдварын шинж тэмдэггүй 1541 хүн эмнэлгийн хяналтад байгаагаас 205 нь хилийн чанадаас иржээ. Даваа гаргаас тус улс халдварын шинж тэмдэггүй вирус тээгчдийн мэдээлэл өгч эхлэв. Тэднийг олон хүнд халдвар тараах магадлалтайд тооцож байна. Италийн автомашины “Lambo¬rghini” компани үйлдвэрийнхээ хэд хэдэн цехийг дахин тоноглож, хоногт мянган амны хаалт хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт “Ar-mani” загварын ордон эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэг удаагийн халаад үйлдвэрлэж буйгаа мэдэгдсэн. Мөн “Fiat chrysler automobiles” компани сард нэг сая орчим амны хаалт үйлдвэрлэх гэнэ.
Дэлхийн бараг бүх улсад тархсан шинэ төрлийн коронавирусийг бусад цар тахлын үзүүлэлттэй харьцуулав.
ТООН МЭДЭЭ
Тусгай үүргийн онгоцонд хэн суух вэ
Тусгай үүргийн онгоцоор зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдээ авчрахгүй байна гэсэн шүүмжлэл газар авсан. Эл асуудалтай холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг өглөө.
-БНСУ руу анх тусгай нислэг үйлдэхээс өмнө 500 гаруй монгол иргэн хоёр өдөр шахам дугаарлаж бүртгүүлсэн юм билээ. Эхний нислэгээр тэдний хагасыг нь авчирсан. Маргааш (өнөөдөр) үлдсэн хүмүүсийг авчирна. Тийм учраас нэмж хүн бүртгээгүй. Токио чиглэлийн нислэгийн хувьд өнгөрсөн удаа 250 хүн бүртгээд эх оронд нь авчирсан. Үүний дараа иргэд ЭСЯ руу холбогдож, бүртгүүлье гэсэн хүсэлт тавих болсон. Ингээд ямар нэгэн шалгуур, шалтгаангүйгээр иргэн бүрийг бүртгэсэн. Одоогоор 500 гаруй хүн бүртгүүлсэн байна. Тэднээс энэ удаа 255-ыг нь авчирна.
ЭШЛЭЛ
- АНТОНИУ ГУТЕРРЕШ (НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга):
-“Ковид-19” цар тахал бол дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал.
- ТАКЕШИ КАСАЙ (ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал):
-Коронавирусийн дэгдэлт хэзээ зогсохыг бид мэдэхгүй. Гэхдээ эл өвчин ирэх долоо хоногт, ирэх сард ч алга болохгүй нь баталгаатай үнэн. Тиймээс улс орнууд өргөн хүрээнд бэлтгэлээ хангах хэрэгтэй.
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ:
-Хүн төрөлхтөн шинэ өвчинтэй тэмцээд 100 гаруй хоносон ч өдий хүртэл бүрэн танин мэдэж чадаагүй л байна.
- Б.УУГАНБАЯР (Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа):
-Одоогоор 616 иргэн гэртээ өөрийгөө тусгаарласан. Зарим иргэн хариуцлагагүй байж, дэглэм зөрчих болсон тул цаашид тусгаарлалтын тэмдгийг айлуудын хаалганд наахаас өөр аргагүй.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Ж.БОЛОРПҮРЭВ: “Ковид-19”-тэй холбоотой хуурамч дуудлага, мэдээлэл их ирсэн
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Болорпүрэвээс өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хяналттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед судалгаа хийсэн гэлээ. Ямар төрлийн зөрчил түгээмэл гарсан бэ?
-УЕПГ өнгөрсөн хоёрдугаар сарын 13-наас эхлэн сар гаруйн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай болон бусад хуулийн хэрэгжилтийг судаллаа. “Ковид-19”-тэй холбоотой хуурамч дуудлага, мэдээлэл өгөх тохиолдол түгээмэл. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, хүн олноор цуглуулах зэрэг зөрчил голчлон гарч байна. Дээрх хугацаанд улсын хэмжээнд 3383 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэл 1571 гарлаа.
-Буруутай этгээдүүдэд хэрхэн хариуцлага тооцсон бол?
-Дээрх зөрчлийн хэргээс 1822 буюу 53.8 хувийг шийтгэл ногдуулах албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд хүргүүлсэн. Мөн 10.2 хувьд нь эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулсан юм. 131 буюу 3.8 хувийг нь гэмт хэргийн шинжтэй гэж үзээд, цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Одоогоор зөрчлийн 1030 хэргийг хянаж байна. УЕПГ-аас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, илэрсэн зөрчлийг шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр нэгжүүддээ чиглэл өгсөн.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал