Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас коранавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр мэдээллийн эхэнд ОУВС Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай байна гэж тооцоолсон. Манай улсын худалдааны гол түнш болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцсон. Коронавирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл түүний дотор Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцсон. Энэ хугацаа цааш, нааш болохыг үгүйсгэхгүй. Коронавирусийн халдвар өнөөдөр 205 оронд гарсан. Бүх улсын эдийн засагт нөлөөлж улмаар ард иргэдийнх нь амьдралд нөлөөлж эхэлсэн.
Мөн цаашид хэрэгжих арга хэмжээний талаар дурдлаа.
-Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН-үүдийг бүрэн чөлөөлж тэглэнэ. Бүх ААН, компаниудыг 26 хувийн татвараас чөлөөлнө.
-Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар АВАХГҮЙ байхаар бүрэн чөлөөллөө. Улсын төсвөөс цалинждаг төрийн албан хаагчид эдийн засгийн эрсдэлд ороогүй учир орлогын албан татвараас чөлөөлөхгүй. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй компаниудын яг тэр ажилтай холбоотой үйл ажиллагааны татвараас чөлөөлөхгүй.
-Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэндээ гурван багц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлсэн. Үүнд: Монгол хүн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн ААН-үүдийг дэмжих, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авчээ.
17 тэрбум төгрөгийн санхүүжилт коронавирусийн халдвараас сэргийлэхэд эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд 9 тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Мөн гадаадын зээл тусламж буюу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Мөн Дэлхийн банкнаас 6 тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж тээвэрлэлтийн асуудал нь одоо хийгдэж байна. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн нийтдээ 16 тоног төхөөрөмжийг өгч байгаа. Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас 6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа авсан. Өнөөдрийн байдлаар 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байна.