Хүмүүс олон шалтгааны улмаас жин нэмдэг, мөн олон янзын аргаар үүнтэйгээ тэмцдэг билээ. Энэ бүх тэмцэл нь амжилттай болж урд өмнөхөөсөө илүү үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, хамгийн чухал нь эрүүл мэндийн бүх асуудлаасаа салж чаддаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг нь Жоси Десгранд. Жоси 16 насандаа 127 кг жинтэй болсноо мэдсэн даруйд эрс шинэчлэл хийнэ хэмээн шийджээ. Харамсалтай нь зурган дээрх шиг гоолиг болох хүртлээ Жоси бидний төсөөлөх ч үгүй зүйлсийг тулсан гэдэг. Сошиал сүлжээ, турах ид шидийн талаарх номнууд, оддын баримтладаг хоолны дэглэмүүд гээд оролдож, туршиж үзээгүй зүйл Жосид бараг үлдээгүй байна. Тэрээр хэд хэдэн хоолны дэглэм барьж үзсэн ч бүтэлгүйтэж, үүнийхээ дараа өмнөхөөсөө илүү ихээр иддэг байжээ. Би өөрөө өөрийнхөө хохирогч болсон. Тэгээд эцсийн удаа өөртөө эрс шийдэмгийгээр “ахиад тарган Жоси” гэж дуудуулахгүй гэж амлажээ. Ингээд л миний илүүдэл жингээсээ салах аялал жинхэнээсээ эхлэсэн дээ. Би биеийнхээ бүх хэмжээг авч тэмдэглээд дасгал хийснийхээ дараа, хөлсөө гаргасныхаа дараа гээд хэдэн граммаар хассан ч ялгаагүй өнөө эхний хэмжээсээ бичсэн цаасан дээрээ тэмдэглэгээ хийж байлаа. Хэдхэн граммаас килограмм-д шилжин хасагдаж буй тэр тоонууд өөрийгөө өөрчлөхийг хүссэн хүслийг минь урамшуулсаар”.
Жоси өөртөө тавьсан зорилгодоо аажмаар хүрнэ гэдгээ мэдэж байв. Тиймээс л хасагдаж буй грамм бүрээс урам авч байсан хэрэг. Тэрээр low carb буюу нүүрс-ус багатай, (no-sugar) сахаргүй хүнсний дэглэм барьж усны хэрэглээгээ нэмжээ. Жосигийн аав Марк ч охинтойгоо хамтран илүүдэл жингээ хасах зорилго тавин, бие биенээ урамшуулан дэмждэг байна. Нүүрс-ус бага хэрэглэх, сахаргүйн дэглэмийг зөв барьснаар 90 кг хассандаа урамшссан Жоси дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулах болжээ. “Ахиад тарган Жоси гэж дуудуулахгүй” гэсэн амлалт чихэнд нь сонсогдож, энэ үгийг өдөр бүр өөртөө хэлдэг байв. “Дасгал, хөдөлгөөн хийсэн нь жингээ хасахад минь илүү түлхэц болсон”.
Илүүдэл жингээ амжилттайгаар хаяж эхэлсэн Жоси Инстаграм сүлжээнд @nolongerfatjosie гэсэн хаяг нээн өөрийн хоолны дэглэм, дасгал хийж буй зургуудаа оруулж эхэлжээ. Жосигийн Инстарграм хаягийг дагасан хүмүүс түүнд урам зориг өгч, дагагсдынх нь тоо ч эрчимтэй нэмэгдэж, ихэнх нь түүнээс зөвлөгөө авахыг хүсдэг болсон гэнэ. “Миний дагагчдын тоо хурдан өсч, хүн бүр урмын үг хайрладаг болсон. Чи сайхан харагдаж байна, амжилт хүсэе, өөрийн гэсэн хоолны дэглэмтэй юу?” гэх мэт олон янзын сэтгэгдлүүдэд дарагдах болсон.
“Өмнө нь би хүмүүст зөвлөгөө өгөх нь бүү хэл, хэнтэй ч нүүр тулж харьцах хүсэлгүй байсан гэж бодохоор... Одоо би илүүдэл жингээсээ хэрхэн салах талаар зөвлөгөө авахыг хүсч бичсэн хүмүүсийн мессежинд хариу өгч, хүссэндээ хүртлээ битгий шантраарай, зогсолтгүй үргэлжлүүлээд байгаарай гэж захиж, урам өгдөг сайхан ажилтай болсон” гэж Жоси бичжээ.
127 кг-аас 63 кг болтлоо турж чадсан Жосигийн амьдрал 18 настайд нь шинээр эхэлж, амьдралын эрүүл, шинэ хэв маягтай болж, өөрийн биед таарсан хоолны дэглэмээ ч олсон байна. Мэдээж тэр одоо илүү жаргалтай, эрүүл чийрэг биетэй болсон гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Жоси илүүдэл жингээсээ болж хаясан Ахлах сургуульдаа эргэн оржээ.
Үүгээр ч зогсохгүй тэрээр өөрийн илүүдэл жингээсээ салсан туршлагын тухай ном бичиж, бусдад өөрийн турах аяллаа хэрхэн амжилттай хийх вэ гэдэг асуултанд нь хариулж туслахыг хүсч байгаа гэнэ. Турахыг хүссэн, өөр шиг нь жаргалтай байхыг хүссэн хэн бүхэнд тэрээр “Илүүдэл жингээсээ салахыг хүссэн хүн бүрт өгөх ганц л зөвлөгөө бий. Энэ бол турах аяллаасаа битгий буц. Жижигхэн амжилтандаа ч талархан, өөрийгөө урамшуулж, хамгийн гол нь битгий зогс, хийж эхлүүлсэн бүхнээ битгий хая” гэж дамжуулж байна.