Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр/2020.03.31/ ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.
Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захианууд ирж байна. "Сайхан сэтгэл гаргаж эх орондоо иргэдээ авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Зөв шийдвэр гаргаж байна. Өөрсдийн иргэддээ тусалж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид харж байгаа.
Гадаадад байгаа гар мухардсан иргэдээ авчирч ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа юм" гэж захидалд бичсэн байна.
Эмчлэгдэж байгаа хүмүүст хандан "та нар халдвартай ирсэн ч цөөхөн монголчуудын нэг учраас та нар ирэх ёстой" гэсэн сайхан захидлууд ирж байгаа юм. Ингэж бие биендээ сэтгэлийн дэм өгч байна. Сэтгэлийн дэм гэдэг эмчилгээний хувьд бараг 50 хувь. Сэтгэлийн дэмжлэг авна гэдэг нь монгол хүний хувьд хувь заяа аз юм. Хэдхэн монголчууд бас их хувь заяатай шүү гэж хэлье" гэлээ.