Цараа өргөнтэй тахал өвчнийг дэлхий нийтээрээ хамтран дарах байх. Тэр цагт хүн төрөлхтний амьдралд олон зүйл өөрчлөгд өх бололтой. Өөрчлөлт одооноос эхэлж байна. Хаана, хаанаа гар барьж мэндлэхээс татгалзаж эхэлсэн. Тохой нийлүүлнэ. Дээхнэ үеийн монголчууд шиг алсын зайнаас толгой дохино. Өнөөх айхтар Трамп Ерөнхийлөгч хүртэл Далай лам шиг алга хавсран залбирах мэт сууж харагдах болов. Хятадад залуус хөл нийлүүлэн мэндэлж байна. Энэ бол ирээдүйд хүлээж болох олон өөрчлөлтийн зах зух.
Үйлчилгээний соёл, амьдралын хэв маягт өөрчлөлт гарсаар. Урд хөршийн нийслэлийн томоохон их дэлгүүрүүд үүдээ нээгээд байгаа бөгөөд тэдгээрт худалдагч байхгүй. Иргэд өөрөө өөртөө үйлчилж байна. Худалдан авагч сонгосон зүйлсээ сагснаас нь гаргахад дэлгэцэд үнийн дүн харагдах бөгөөд үүнийг гар утсан дээрх QR аппликейшнээр уншуулаад мөнгөө төлнө. Тэр хүн юунд ч хүрэхгүй, хэнтэй ч харилцахгүй. БНХАУ-д бэлэн мөнгөөр гүйлгээ хийх нь багассан байсан нь халдварын тархалтыг намжаахад чухал нэмэр болсон гэж үзэж буй ч юм билээ.
Ариун цэвэр, эрүүл ахуйд ажиглагдаж буй өөрчлөлт олон. Хүмүүс урьд байгаагүйгээр гараа угааж байна. Заримынх нь гар, хурууны арьс хуурайшин хагарч эхэлжээ. Албан байгууллагууд цэвэрлэгээгээ сайжруулж, байсхийгээд ариутгаж байна. Амны хаалт зүүх нь зөвхөн коронавирус төдийгүй бусад халдварт өвчнөөс зайлсхийх арга юм байна гэдгийг ойлгов.
Энэ вирус хувь хүмүүс, ард түмэн, үндэстнүүд, улс орнуудын удирдагчдын багийг хуулан хаяж байх шиг. Хямсгар төрхтэй европчууд, худал мэт инээмсэглэдэг америкчууд, чимээгүйхэн өмнөхөө хийсээр байдаг азиудын хэн нь хэн бэ гэдгийг яруу тодоор харуулсаар байна. Тахал таригч вирусийг азиудын өвчин төдийгөөр ойлгож, анхнаасаа хайнга хандсан удирдагчид улс орноо, ард түмнээ хэрхэн хохироож байгааг дэлхий нийт харж байна. Хөгжлөөр тэргүүлэгч Британийн Ерөнхий сайд, түүний кабинетынхан л гэхэд өвчнийг сүргийн дархлаа гээчээр эсэргүүцнэ, өвдөх нь өвдөөд, үлдэх нь үлдэнэ, хүн амын 60 хувь өвдөх байх, эмнэлгийн тусламж хүн бүрт хүрэхгүй тул шинж тэмдэг бүхий хөнгөвтөр өвчтөнүүд гэр гэртээ өөрсдийгөө эмчилнэ гэсэн зарчим баримталснаар халдварын тархалтыг хяналтаас алдсан. Аюул тохиоход Засгийн газар нь ингэж хандана гэж зүүдлээ ч үгүй биз, тус улсын 200 эрдэмтэн хамтарч Ерөнхий сайд Борис Жонсонд шаардлага тавьснаар хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн ч хэдийн хоцорчээ. Өдгөө Британид халдвар авсан хүний тоо 20 мянгад дөхөөд байна. Цаашид хэд болохыг хэлэх аргагүй. Улс орнуудын хамтын хүчин чармайлтаар аюулт өвчний “амыг” цааш харуулсны дараа лав британичууд Ерөнхий сайдаа, кабинетынх нь гишүүдийг ч суудалд нь үлдээхгүй л болов уу. Хаант улсаа дэлхийн, хөгжлийн төв гэж үздэг ихэмсэг британичууд, удирдагчид нь ч цар тахлын үед хэрхэн ажиллах тухайд азиудын, тэр дундаа хятадуудын арга, технологийг дагахаас аргагүйд хүрэв. Нэг ёсондоо бууж өгөв. Энэ ч гэсэн томоохон өөрчлөлт.
Америкийн “DaVinci Institute”ийн гүйцэтгэх захирал Томас Фрей коронавирусийн цар тахал хүн төрөлхтөнд өөрөө өөрийгөө дахин ачаалах боломж олгож байна гэв. Тэрбээр “Бид саяхан “Хүн төрөлхтнийг дахин ачаал” гэсэн маш том даруул дарчихлаа. Үүсээд буй нөхцөл байдалд айх, учраа олохгүй үймэлдэх байдал давамгай байна. Их хямрал удирдагчдыг сорьдог аж” гэсэн.
Францын “Edhec business school”-ийн урьдчилан тандах, инновацын тэнхимийн эрхлэгч Рене Рорбек “Нийгэмд тэргүүлэх үүрэгтэй хүмүүс урьдчилан мэдэх аргагүй нөхцөл байдалд зүг чигээ олох баримжаатай байх ёстойг цар тахал харууллаа. Тэд үйл ажиллагаа эхлүүлэх, импульс үүсгэх, үйлдэх явцдаа тодорхой бус байдлын түвшинг бууруулах чадвартай байх ёстой нь харагдлаа” гэсэн.
Харин Казахстан дахь ирээдүй судлал, эрдэм шинжилгээний институтын захирал Жон Суини хүмүүсийн ухамсарт гарч буй өөрчлөлтүүдэд анхаарал хандуулжээ. Тэрбээр хүмүүсийн ухамсар сайн тал руу өөрчлөгдөх, эсвэл муу тийш үү гэдэг нь өнөөгийн бидний, хойч үеийнхээ ирээдүйн талаарх бодолд нөлөөлөх болох нь” гэсэн байна.
Ирээдүйг тандан судлаачид улс орнуудын зэвсэгт хүчнийхэн үл үзэгдэх аюулын эсрэг бэлэн байдлын зэрэглэлийг өсгөхөд анхаарах болно, тэр дундаа биологийн зэвсэг хөгжүүлж эхэлнэ хэмээн дуу нэгтэй үзэж байна. Дээр нэр дурдсан Томас Фрей захирал “Хүнд зэвсэглэлийн эрин үе төгсөх тийшээ хандана. Био болон цахим, улмаар оюун санааны дайн дөнгөж эхэлж байна. Аюул үзэгдэхээ байх гэдэг нь хиймэл оюун ухаан хөгжихийн нэр юм. Улс орнуудын дийлэнх нь өөрсдийн хиймэл оюун ухааны сүлжээг үл үзэгдэх аюулыг харагдах болгохын төлөө хүчирхэгжүүлэхийг чармайна. Зорилго нь нэг ч нян, вирус, бактери, мөөгөнцрийг алдахгүй “барьж авдаг” болох юм” гэжээ.
АНУ-ын Жоржтауны их сургуулийн ирээдүй тандан судлаач Брайан Александер коронавирусийн хөнөөлийн дараа улс орнууд цэрэг-биологийн хүчээ зузаатгана. Зэвсэгт хүчнийхэн эрдэмтдийн үгийг сонсдог болно гэсэн байлаа. Коронавирусийн дараа дэлхийд хэн юу хийж эхлэх талаар эрдэмтэд өдгөө ийнхүү таамаглан ярьж, бичиж байна.
Ирээдүйн тухай яриа өрнүүлэх сөхөөгүй байгаа орнуудын нэг бол Итали. Гэсэн ч эрх баригчид нь боломжоороо гадаад ертөнцөөс тусламж эрсээр байгаа. Хамгийн түрүүнд хандах субъект нь мэдээж Европын Холбоо. Италийн улс төрийн нэртэй зүтгэлтэн, өдгөө Дотоод хэргийн сайд, өмнө нь Ерөнхий сайдын орлогчоор ч ажиллаж байсан Маттео Сальвини Европын холбоонд хандаж тусламж эрэхэд тус холбооны удирдлагын зүгээс “Туслах шийдвэр гартал, өөрөөр хэлбэл хэнд, хэрхэн гэдгээ шийдэх хүртэл 15 хоногийн хугацаа хэрэгтэй. Хүлээж байна уу” гэсэн хариу өгчээ. Хоногт 800, 900 иргэн нь нөгөө ертөнцийг зорьж буй тус улсын удирдлагуудын хувьд 15 байтугай, нэг хоног хүлээх ч хэцүү байгаа нь мэдээж. Маттео Сальвини Европын Холбооны зүгээс өгсөн хариуд “Энэ бол холбоо биш, харин могой, цөөвөр чононуудын үүр юм байна. Бид эхлээд вирусийг ялаадхая. Харин дараа нь Европын Холбооны асуудлыг авч хэлэлцэх болно. Талархал илэрхийлэх ч үгүй, баяртай гэж болно шүү дээ” гэж хариу барьсан. Олон улсын ажиглагчид вирусийн тархалт намжиж, улмаар даян дэлхий энэхүү ёрын өвчнөөс салах цагт Европын Холбоонд байр суурь өндөртэй Итали улсын зүгээс ямаршуу дайралт ирэхийг төсөөлж байна гэхийн сацуу тус холбоонд харьялалтай үгүй нь мэдэгдэхгүй, тус “улс”-д хожуу “дагаар орсон” хуучны социалист орнуудын удирдагчид ч гэсэн юу хийснээ эргэн харж, цаашид энэ багт байх уу, үгүй юү гэдгээ эргэж нэг харах байх. Улмаар Европын Холбооны нэр хүнд унан унасаар, гишүүн орнууд нь Британи шиг сугарч гарсаар, энэ нэгдэл сарниж ч магад гэж байгаа юм.
Эргээд вирусийн “аян дайн”-ы нөлөөгөөр гарах өөрчлөлтүүдийн тухай ярья. Өнөөдөр дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь гэртээ сууж байна. Тэдний тухай эрдэмтэн Томас Фрей “Шинэ вирусээс болж хүмүүс бие биеэсээ аль болох хол, болж өгвөл алс, аглаг газарт амьдрахыг илүүд үзэх иргэншлийн шинэ хэм хэмжээ тогтох болов уу” хэмээв.
Судлаач Рене Рорбек короновирусийн аюулыг гагцхүү нэгдмэл хүчээр дарна гэдгийг онцлоод, түүний эсрэг тэмцэл хүн төрөлхтнийг улам нэгтгэж, тулгарч буй бусад томоохон асуудлыг шийдэхэд хамтаар хариу олох боломж олгох болов уу, улмаар шийдвэр гаргах чиглэлд бидний чадвар бэхжих байх гэжээ.
Мөн коронавирусийн тархалтыг технологи бүхий бөгөөд, хүн төрөлхтөнд учруулж буй хохирол, нийгмийн байдлыг өөрчлөх хүчин зүйл гэдгээр нь өмнөх хоёртой дүйцүүлэн, дэлхийн III дайн юм, гагцхүү энэ дайнд хүн төрөлхтөн нэг талдаа буйгаар I, II дайнаас ялгаатай хэмээн үзэж буй судлаач ч байна.
Өөр ямар өөрчлөлт амьдралд ажиглагдаж эхэлсэн бэ. Мэргэжилтнүүдийн төдийлөн ойшоож үздэггүй байсан зайны сургалт уламжлалт их сургуулиудаас илүү эрэлттэй, хэрэгцээтэй болох нь хэмээн судлаачид бичиж байна. Вирус тархаж эхэлсэн даруйгаас интернэт худалдаа оргил үедээ хүрсэн мэт идэвхижсэн. Лав “Амозон”-ыхан захиалгаа дийлэхээ байгаад байтал зургаан агуулахынх нь ажиллагсад вирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш худалдааны эрч бага зэрэг саарсан аж.
Музей, дуурь, балет үнэгүй болов. Өнгөрсөн жил Луврын музейг цахимаар үзэх нь ихэслээ гэсэн мэдээллийг зарим урлаг судлаач няцаахыг оролдож, яаж үзсэн болох юм бэ гэж байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс тус музейн хосгүй үнэт үзмэрүүдтэй гэрээсээ танилцаж байна. Москвагийн Их театр цахим тоглолт хийж, урын сангийн гайхамшигт бүтээлүүдээ үнэ төлбөргүй үзүүлж эхэлсэн бөгөөд алдарт “Хунт нуур” балетыг нь л гэхэд нэг дор таван сая хүн үзэв.
Ажил хэргийн орчинд мөн л өөрчлөлт гарсаар. Дэлхий дээр өнөөдөр хэдэн арван сая албан хаагч гэрээсээ ажиллаж байна. Энэ нь ажиллагсдад ч, ажил олгогчдод ч ашигтай байгаа гэнэ. Албан хаагчид нийтийн унаа, замын түгжрэл, тамхи татах, цай ууж, ярьж суух зэрэгт зарцуулдаг цаг хугацааг гэр бүл, хүүхдүүддээ зориулж, “амьд” харилцаа үүсгэхийн сацуу хоолны мөнгө хэмнэж байгаа тухай ярьж байна. Нөгөө талд нь ажил олгогчид оффисын гоё өрөө түрээсэлж “шатахгүй”, ажилтнуудынхаа хийснийг цаг тухайд нь хүлээж авч нэгтгээд өдрийн ажлаа дүгнэж суухад таатай байгаа бөгөөд хөдөлмөрийн бүтээмж гурав дахин нэмэгдсэн гэсэн нь ч байна.
Шинэ төрлийн вирусийн нөлөөгөөр цэнхэр гаргийн амьдралд өөрчлөлт нэлээд орох бололтой. Өмнөд хөршид хөл хорио тавигдмагц гэр бүл цуцлуулах нь ихэсчээ. Яагаад гэдгийг Оросын телевиийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлсэн юм. Хөл хорионы хоногуудад гэр бүлийн хоёрын хэн хэнийх нь тар танигдсан тул эртхэн арга хэмжээ авч, бие, биеэ чөлөөлөх гэж буй нь тэр аж.
Манай улсад ч гэсэн нөхцөл байдлын улмаас үүдэлтэй өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа. Илүү ариун цэвэрч боллоо. Мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болж байна. Шаардлага гарахад санал, санаачилгаа нэгтгэж чадаж байна. Хамгийн гол нь төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, гаргасан журмуудыг мөрдөн ажиллаж, амьдарч байна. Гэхдээ хэнэггүй, хариуцлагагүй хүмүүс мэр сэр байсаар. Тийм хүмүүст шаардлага тавьсаар, түр зуурын аюулыг хамтдаа эв нэгдэлтэйгээр даван туулахын төлөө хичээж байна.