Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар 2368 хүн тусгаарлах байранд ажиглалтанд байна. Тусгаарлах байруудад нийтдээ 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа.
Сүүлийн 24 цагийн дотор түргэн тусламжийн утаснууд 1755 дуудлага хүлээн авсан. Бид 100, 103, 323002, 119 гэх дугааруудаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 24 цагт 180 дуудлага ирсэн. Гэхдээ үүн дунд тоглож залгасан дуудлага 18, авахаар утсаа тасалж байгаа дуудлага 38 бүртгэгдсэн байна.
Иргэдийг утсаар тоглож болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Цаана нь маш олон иргэд зөвлөгөө авах хэрэгцээ байгаа учир үүнд саад болохгүй, иргэнийхээ хариуцлагыг хүлээхийг хүсэж байна" гэж хэлэв.