“Хархорин” худалдааны төв. 2020.03.28 16.00 цаг
“Ковид-19” цар тахлаас сэргийлэх хүрээнд манай улс хилээ хаах, олон улсын шууд нислэгүүдээ зогсоох зэргээр төр, засгаас арга хэмжээ авсаар байна. Харин иргэд хариуцлагатай байна уу. “Нарантуул”, “Хархорин”, “Барс” худалдааны төв, “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудал, орон сууцын зарим хотхонд очиж, иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгааг өнгөрсөн бямба гарагт сурвалжиллаа.
Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт орших “Нарантуул” худалдааны төвийн авто зогсоол машинаар дүүрсэн харагдав. Мөн тус худалдааны төвийн урд талын, дөрвөн эгнээ бүхий замд гурван км орчим урт цуваа, түгжрэл үүсжээ. Жолооч нар агаарт гарахаар, ажлын шугамаар болон хүнс, хувцас, эд зүйл цуглуулж яваагаа хэлсэн. “Нарантуул” худалдааны төвийн авто зогсоолын ажилтан “Хөл хөдөлгөөн ердийн үеийнхтэй адил боллоо. Нэг хэсэг наймаачид ч ажилдаа ирэхгүй, иргэдийн хөдөлгөөн багассан. Харин одоо өдөрт ойролцоогоор 300 орчим машин манайд ирж байна” гэв. Тэнд амны хаалтгүй хүн ховор харагдав. Харин бага насны хүүхэд хөтөлсөн, тэвэрсэн иргэн цөөнгүй таарлаа. “Баялаг ундраа” төвийн үүдэнд 10 орчим хүн зогсож, нэг удаагийн, даавуун, “N-95” стандартын амны хаалтыг 1500, нэг удаагийн бээлийг 1000 төгрөгөөр зарж байв. Тус төвийн худалдагч Б.Бадамцэцэг “Нэг сар орчим ажилдаа ирээгүй. Өнөөдөр л ажиллаж байна. Нэг үеийг бодвол барааны борлуулалт ихэсжээ. Халдваргүйжүүлэлтэд зарцуулж байгаа гээд түрээсийн мөнгийг өмнөхтэй адил авч буй. Бараа, бүтээгдэхүүнийг хилийн боомт дээр ариутгаж байгаагаас шалгаалаад төлөвлөсөн хугацаанаас 1-2 хоногоор хоцорч ирэх болсон” гэв.
Баянзүрх дүүргийн XXV хороон дахь “Ногоон төгөл”, Баянголын IV хорооны “Голден парк”, Сонгинохайрханы VI хорооны “Содон” орон сууцын хорооллын дундах тоглоомын талбайд хүүхэд, хөгшидгүй бужигнаж байлаа. Тэдний олонх нь амны хаалт зүүсэн харагдана. Тэдгээр хороолол тоглоомын талбай, ойр орчмоо өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 2-3 удаа ариутгасныг оршин суугчид нь хэлсэн.
“Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд 16.00 цагийн орчимд очлоо. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276, Улаанбаатар-Сүхбаатарын 263 дугаар галт тэрэг өдөр бүр 05.15, 20.35 цагт нийслэлээс хөдөлж, 10.43, 06.00-д ирэх түр хуваарь гарсныг анхааруулсан байв. Олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон тул уг чиглэлийн тасалбар бичих хэсгийг хаажээ. Тус буудлын хоёр байрны сандлууд бүгд шахуу гэн Б.Анхзориг “Би Сэлэнгэ аймгийнх. Энэ сарын 27-нд ирж, өнөөдөр оройны галт тэргээр буцах гэж байна. Түр ажил амжуулах гээд амралтын өдрөөр заримдаа нийслэлд ирдэг юм. Улаанбаатар-Дархан-Уулын түр замаар зорчиход хүндрэлтэй болсноос энэ жил галт тэрэг нэлээд олон зорчигчтой явдаг болсон. Коронавирусийн анхны тохиолдол илэрснээс хойш хөдөлгөөн багассан ч одоо дахиад ихсэж байна. Тухайлбал, миний зорчиж ирсэн суудлын галт тэргэнд эзэнгүй 5-6-хан суудал л харагдсан” гэв. “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудлын байруудад хуванцар болон ахуйн хаягдлын хогийн саваас гадна бохир амны хаалт хаях цэг байрлуулжээ. Мөн тасалбар бичих хэсэгт гар ариутгагч тавьсан харагдав. Уг нь коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэд хоёр метрийн зайтай зогсох ёстой. Гэвч энэ буудлын АТМ-уудад үйлчлүүлэх иргэд тус дүрмийг мөрдөхгүй байлаа.
“Голден парк” хороолол. 2020.03.28 13.00 цаг
Баянгол дүүргийн III хороонд орших “Барс”, тус дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй, автомашинууд нь арай ядан зөрөх аж. Тус хоёр төвийн гадна хүнс, эд бараа борлуулж байв. “Барс” төвийн худалдаачид цагаан халаад, малгайгаа өмсөж, нэг удаагийн бээлий хэрэглэх дүрмээ сайн мөрдөж байлаа. Амны хаалтгүй, бага насны хүүхэд дагуулсан иргэдэд үйлчлэхгүйгээ тус худалдааны төвийнхөн хэлэв. Энэ талаар “Барс”-ын зохион байгуулагч “Манайх 14 хоногт нэг удаа байрууд болон гаднах талбайгаа халдваргүйжүүлж, ням гараг бүр их цэвэрлэгээ хийж байгаа. Ажлын цаг эхлэхээс 30 минутын өмнө бүх цонх, хаалгаа нээж агаар оруулан, түрээслэгчид ойр орчмоо цэвэрлэж буй. Худалдагчид нэг удаагийн амны хаалт, бээлийгээ хоёр цаг тутамд солих үүрэгтэй. Үүнд хяналт тавьж, тэмдэглэл хөтөлж байна” хэмээв. Тэнд бага насны хүүхэд цөөнгүй таарав. Мөн согтуу, гэр оронгүй бололтой бохир хувцастай иргэд амны хаалтгүй зогсоно.
Өнгөрсөн бямба гарагт сэвэлзүүр салхитай байсан тул гудамж, талбай, худалдааны төвүүдийн орчмын хог хийсэж, шороо тоос бужигнаж байлаа. Тухайлбал, “Хархорин”-ы өмнөх талбай хөл хөдөлгөөн ихтэйгээс гадна хог, шороо бужигнаж, амны хаалтгүй, нимгэн хувцастай иргэд нэлээд таарав. Тэдний нэг, Сонгинохайрхан дүүргийн VI хорооны иргэн А.Мөнх “Гадуур амны хаалт олдохгүй байна. Олдсон нь үнэтэй болохоор худалдаж авч чадахгүй нь. Худалдагч амны хаалт зүүхийг шаардсан ч гуйгаад үйлчлүүлчихсэн. Манайх ойрхон болохоор нимгэн хувцас өмсчихлөө. Гараа тогтмол угааж, амны хаалт зүүх, дулаан хувцаслах боломжгүй хүн олон бий. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ ядуу өрхүүдэд хүнд тусаж байна” гэв.
Баянзүрх дүүргийн I хороонд орших “И-март” худалдааны төвийн Сансар дахь салбарт 18.00 цагт очив. Нэгдүгээр давхрын төлбөр төлөх цэгүүдэд багадаа таван иргэн хүлээж харагдлаа. Харин дэлгүүрийн тавдугаар давхар буюу хүүхдийн музей, тоглоом, хувцасны төрөлжсөн дэлгүүрүүдийн ихэнх нь хаалттай байв. Нэгдүгээр давхрын зоогийн газруудад үйлчлүүлэгчид, тэр дундаа хүүхэд цөөнгүй иржээ.
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар голомтлон тархвал олон хүнийг хамарч, тогтоон барихад хэцүү болохыг ЭМЯ тогтмол анхааруулж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө, өрөөлийг ч эрсдэлд оруулахгүй байх үүрэг иргэн бүрт ногдож буй. Гэвч зарим иргэн үүнд хариуцлагагүй хандаж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байна.
ТООН МЭДЭЭ
Улсын хэмжээнд хэдэн хүнийг тусгаарлан, хянаж байгааг өнгөрсөн баасан гаргийн тоон мэдээлэлтэй харьцуулан хүргэе.
“Хамгийн гол нь хүчилтөрөгчөөр хангах хэрэгтэй”
“Ковид-19” өвчний эхний шатанд эмээр эмчлэх бус, хүчилтөрөгчөөр хангах хэрэгтэй гэж ОХУ дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович мэдэгдэв. Тэрбээр “Ирэх 20 жил” уулзалтад оролцохдоо “Тавдугаар сард шинэ төрлийн коронавирусийн тархалт намжина” гэсэн ОХУ-ын ЭМЯ-ны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд, бүх зүйл хүмүүсийн биеэ хэрхэн авч явахаас шалтгаална гэжээ. Мөн халдвар авсан хүмүүсийн нүдний салст бүрхэвч үрэвсэх шинж тэмдэг илэрч байгааг АНУ-ын Нүд судлалын академийн эмч нар анхаарууллаа.
ДЭМБ-аас өчигдөр 15.00 цагийн үед мэдээлснээр 201 улс, нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавирус бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 664 564-т хүрснээс 30 890 нь эдгэрч, 142 368 өвчтөн эдгэрсэн байна. Италид өнгөрөгч баасан гарагт 969 өвчтөн нас барсан нь “Ковид-19” тархсанаас хойш хоногт амьсгал хураасан хүний хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгдэв. Мөн АНУ-ын зөвхөн Нью-Йорк муж улсад халдварын 52 мянга гаруй тохиолдол илэрсэн хэдий ч хөл хорио тогтоогоогүй гэнэ. Нью-Йорк, Шинэ Орлеан, Детройт болон бусад томоохон хотод эм, эмнэлгийн ажилтан дутагдаж буй гэнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Британи эрүүл мэндийн ажилтнуудаа вирусийн шинжилгээнд хамрууллаа. Тус улсад хөл хорио тогтоосноор номын борлуулалт 35 хувиар өссөн гэнэ. Харин Нидерландад бохирын шугамын уснаас шинэ төрлийн коронавирус илэрчээ.
Хоёр сар гаруй хөл хориотой байсан, Хятадын Ухань хот руу нэвтрэх төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэжээ. 14 хоногийн дараа гадагш гарах хөдөлгөөн нээгдэх гэнэ. Хөл хорионы улмаас олон улсад гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдсэн байна. Цар тахал эхэлсэн Хубэй мужид өнгөрсөн нэг сард ийм гэмт хэргийн тоо гурав дахин өсжээ. Харин Испанийн Каталон мужид хөл хорьсон эхний өдрүүдэд эмэгтэйчүүд гэрээсээ түр гарах боломжгүйн улмаас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 20 хувиар нэмэгдсэн аж. Ийм дуудлага Кипрээс эхлээд Бразил хүртэл хаа сайгүй бүртгэгдсэн байна.
ЭШЛЭЛ
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА:
- “Ковид-19”-ийн вакцин 12-16 сарын дараа бэлэн болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ:
- Шинэ төрлийн вирусийн тархалтын хоёр дахь давлагаа эхэлж, халдвар намжиж буй улсуудад коронавирус зөөвөрлөгдөн орж, голомт үүсгэх болсон. Үүнд голдуу хүүхэд, залуус өртөхийг олон улсын эрдэмтэд анхаарууллаа.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ:
- БНСУ, Японоос дөрөвдүгээр сарын 2, 3-нд тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлт гаргасан иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Төлбөрөө урьдчилан шилжүүлсний дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Төлбөр төлөөгүй тохиолдолд бүртгэлээс хасаж, дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга):
- АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн газар, Канадын их сургуулийн судлаачид нэг нас хүрээгүй хүүхдүүд коронавирусийн улмаас эндэх тохиолдол цөөнгүй байгааг мэдээллээ.
А.АМБЭСЭЛМАА (ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга):
- Бидний ажигласнаар халуурах нь коронавирусийн эхний шинж тэмдэг биш. Манайд эмчлүүлж байгаа 12 хүнд ихэвчлэн хамар загатнах, битүүрэх, толгой өвдөх, бие сульдах, дотор муухайрах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.