Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийнхэн өнгөрсөн баасан гарагт хамтарсан шалгалт хийж, нууцаар мөрийтэй тоглоомын газар байгуулж, тоглож байсан иргэдийг илрүүлэв. Тодруулбал, тус дүүргийн I хорооны нутагт байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцад нэр бүхий долоон иргэн тоглож байсныг 23.30 цагийн орчимд саатуулсан юм. Орон сууцын нэгдүгээр давхрын 5-6 тасалгаатай байранд ороход өрөө тус бүрийг тохижуулан, амрах буйдан, ширээ засаж, хасаа, хөзөр зэргийг олноор нь тавьсан байлаа. Мөн ус, ундааны хөргүүр, цайлах ширээ, чихэр, амттан, кофе зэргийг өржээ. Угаалгын өрөөндөө саунтай байв. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглогчдыг татах, тав тухыг нь хангах бүх нөхцөлийг бүрдүүлсэн харагдсан. Байрны хананд дансны дугаар томоор бичиж наажээ. Цонхнуудын хөшиг хаалттай тул иргэд өдөр, шөнийг үл анзааран тоглодог бололтой. Цагдаагийнхан шалны хивсийг сөхөхөд доор нь зоорийн хаалга байв.
Түүнийг нээхэд нуугдах зориулалттай болов уу гэмээр тохижуулсан өрөө байгуулжээ. Мөн зугтах боломжтой цонхтой аж. Хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тоглогчдоос мэдүүлэг, байцаалт авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгахаар болов. Мөрийтэй тоглох, зохион байгуулахад өмнө нь Зөрчлийн тухай хуулиар торгодог байсан. Харин УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглосон болон зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон билээ.