Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д 5, Увс аймагт 2, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэ аймагт 4 гээд нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 28-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж, эмчлэгдэж байна.
Дархан-Уул аймагт ХӨСҮТ-тэй ижил коронавирусийг илрүүлэх, шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон. Хүн нь сургагдаж, оношлуур хуваарилагдсан. Тийм учраас хойд хилээр орж ирж буй хүмүүсийг нааш нь авчралгүй Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн хойд аймгуудын шинжилгээг хийх боломжтой болсон. Мөн Дорнод, Ховд аймагт хийх бэлтгэл хийж байна. ХӨСҮТ-ийн төв лаборатори шиг хүчин чадалтай лаборатори байгуулан, өргөжүүлэн тэлж ажилд оруулж байна. Энэ нь бидний хувьд ажлыг шуурхай болгосон ба ачааллыг хуваарилсан чухал ажил болж байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал сайн, тогтвортой байна" гэлээ.