Хөгжлийн банкны хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Гэвч тус шүүх хараахан товлоогүй байгаа нь зарим хүний хардлагыг төрүүлэх болсон. Гэхдээ албаны эх сурвалжууд удахгүй урьдчилсан хэлэлцүүлгийг нь товлохоор бэлтгэж байгааг хэлсэн юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг арилжааны банкны төв байрны 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.
Бусдад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авахдаа ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн тэднийг буруутгаж буй билээ. Уг хэрэгт тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үедээ УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаал хашиж асан Ч.Отгочулууг яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлээд байгаа аж. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээс түүнийг чөлөөлөгдсөний дараа Б.Шинэбаатар дуудаж, ажиллаж байгаа мэтээр бичиг баримт бүрдүүлж, Худалдаа хөгжлийн банкнаас үл хөдлөх хөрөнгө худалдан авах эрх олгоход хамжигчаар оролцсон хэмээн буруутган, гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор болоод буй аж. Уг нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан ч шүүхээр хэлэлцэх ёстой хэмээн яллагдагчаар тооцсон юм байна.