-Нэг өвчтөний эмчилгээнд өдөрт 800 000 төгрөг зарцуулж байна-
Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 252 иргэний шинжилгээг хийж дууссан бөгөөд нэг хүнээс “Ковид-19”-ийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Ингэснээр манай улсад шинэ вирус зөөвөрлөгдөн орж ирсэн 11 дэх тохиолдол бүртгэгдэв. ХӨСҮТ-ийнхөн хүн амын дундах өвчний тандалтыг давхар хийж буй бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлэгчдээс түүврийн аргаар дахин 25-ыг сонгон, шинжлэхэд коронавирусгүй гарчээ. Өдгөө ХӨСҮТ-д 184 хүнийг хянаж, үзлэг, шинжилгээ, тандалт судалгаа авч буй аж. Д.Нямхүү “Халдвар илэрсэн 11 дэх иргэнтэй онгоцонд ойр суусан, харилцсан хүмүүсийн судалгааг гаргаж, үргэлжлүүлэн хянаж, шинжилж байна.
Тухайн иргэнтэй өрөөнд хамт тусгаарлагдсан нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэн, хяналтад авсан. Бусад улс орноос бидний нэг давуу тал нь өвчтөнүүдээс гадна тэдэнтэй хамт ирсэн, харилцсан бүх хүнийг тусгаарласан явдал. Өнгөрсөн хугацаанд эмч, мэргэжилтнүүд ч боломжийнхоо хэрээр туршлагажиж, улс орнуудын эмчилгээний арга барилаас суралцсаар байна. Цаашид баримтлах гол дүрэм бол хүн амын дунд халдвар тараахгүй байх. Тиймдээ ч бүх салбарынхан хүчээ дайчлан ажилласаар. Халдвар авсан иргэдийг эмч, сувилагч, асрагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг эмчилж, сувилж байна. Энэ хэрээр нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, эм, тариа гээд маш их зардал гардаг. Нэг өвчтөнд өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна” гэсэн юм.
Монгол Улсад коронавирус тархах эрсдэлийн тав дахь үнэлгээг ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ-ынхан хамтран хийжээ. Тэгэхэд хүн амын дунд өвчин тархах эрсдэл маш өндөр хэвээр байгаа аж. Тиймээс эмнэлгийн ор болон тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч эхэлснээ албаныхан мэдээлсэн. Тухайлбал, амралт, сувиллын газар, зочид буудал, их, дээд сургууль, МСҮТ-ийн дотуур байрнуудын тоог гарган, иргэдийг тусгаарлахад зориулж 20 000 ор суллах боломжтой гэж үзжээ.
Эдгэрсэн хүмүүсийн сийвэнг авч байна
АНУ-ын Нью-Йорк хотын Цусны донорын төв “Ковид-19” тусаад эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг авч байна. Уг өвчний эсрэг биет агуулж байгаа сийвэнг өвчтөнийг эмчлэхэд ашиглах гэнэ. Донорын сийвэнг хийснээр өвчтөн илүү хурдан эдгэрнэ хэмээн үзэж буй аж. Эл аргыг тодорхой тохиолдолд хэрэглэхийг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн болон эм, бэлдмэлийн чанарт хяналт тавих газраас зөвшөөрсөн гэнэ. Сийвэнгээ өгөхийг хүссэн хүн бүр covidserumtesting@mtsinai.org цахим шуудангаар дамжуулан дээрх төвтэй холбогдохыг уриалжээ. Одоогийн байдлаар тархалт хамгийн эрчимтэй буй АНУ-д халдварын тохиолдол 11 074-өөр нэмэгдэж, 68 489 болсноос 931 нь нас барж, 394 өвчтөн эмнэлгээс гарсан гэнэ.
ДЭМБ-аас мэдээлснээр пүрэв гаргийн 17.00 цагийн байдлаар 198 улс, нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавирус бүртгэгдээд байна. Харин халдвар авсан хүний тоо 472 884 болсноос 21 315 нь нас барж, 114 775 өвчтөн эдгэрчээ. Хөл хорио тогтоосон улсын тоонд Энэтхэг нэмэгдсэнээр манай гаргийн 7.8 тэрбум хүн амын дөрөвний нэг хувийн гэрээсээ гарах боломж хязгаарлагдаад байна.
Халдварт өвчин анх илэрсэн Хятадад халдварын тохиолдол зөөврийн 67-гоор нэмэгдэж, 81 285-д хүрснээс 3287 нь амьсгал хурааж, 74 051 өвчтөн эмнэлгээс гарав. Италид нас барсан хүний тоо Хятадынхаас хоёр дахин олон буюу 7503 болжээ. Гэхдээ Италид сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол буурч байгааг мэргэжилтнүүд тэмдэглэлээ. Тус улсад халдвар авсан хүний тоо 74 386-д хүрсэн бол 9362 өвчтөн эдгэрсэн байна. Манай хойд хөрш ОХУ-д халдварын тохиолдол 840 болсноос гурав нь нас барж, 38 өвчтөн эмнэлгээс гарчээ.
“КОВИД-19“-ИЙН ШИНЖ ТЭМДГИЙГ ТОМУУ, ХАНИАД, ХАРШЛЫНХТАЙ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ
Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан үед илэрдэг зарим шинж тэмдэг томуу, харшил, ханиадныхтай адил учир тестгүйгээр оношлоход төвөгтэй аж. “Ковид-19” өвчний үед уушги өвчилж хүндрэхийн сацуу халуурч, хуурай ханиалгадаг. Найтааж, нус гоожиж байгаа хүмүүс ханиад, эсвэл томуу туссан байх магадлал өндөр гэнэ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг төр төлөх боломжтой гэв
Коронавирусийн тархалтын улмаас эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн үйл ажиллагаа доголдон, ажил олгогчид татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтад өртөх, 260 000 орчим хүн ажилгүй болох эрсдэл үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өчигдөр мэдээлэл хийж, холбогдох байгууллагуудад дараах саналыг хүргүүллээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компани яаралтай IPO гарган, хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлбэл зохино гэв. Мөн тус компаниас Засгийн газрын эзэмшиж буй хувьцааны ногдол ашиг болох 850 орчим тэрбум төгрөгийг хувийн хэвшлийнхэнд татаас болгон олгох боломжтойг дурдлаа. Түүнчлэн төсвийг тодотгохоос гадна аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг энэ оны дөрөвдүгээр улирал хүртэл хойшлуулахыг уриалсан юм. Гуравдугаар улирлыг дуустал, ялангуяа хувийн хэвшлийнхний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг төрөөс даах, хүн амын орлогын албан татварын суутгалыг хойшлуулах нь зүйтэй гэх зэрэг 17 санал гаргасан байна. Харин дээрх саналуудтай холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг Орон нутгийн хөгжлийн, Ирээдүйн өв, Нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас гаргах боломжтой гэсэн тооцоо бийг Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ мэдээлсэн юм.
СОНИРХУУЛАХАД
ДЭМБ хүн төрөлхтөнд зайнаас харилцах зөвлөмж өгч буй. Тиймээс мэндчилэх дараах аргуудыг ашигласнаар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
ЭШЛЭЛ
“Ковид-19” ямар хор уршигтай, урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой зэрэг асуудлаар өчигдөр холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд юу хэлснийг хүргэе.
Т.БАДРАЛ (ОБЕГ-ын дарга, хошууч генерал):
-Одоогоор 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьжээ. Тусгай нислэгээр эхний ээлжид Сөүл, Токиогоос ирэх хүмүүсийг тухайн улсад нь шинжилгээнд хамруулж, Монголд ирэнгүүт нь 21 хоног тусгаарлана.
Л.МӨНХТҮШИГ (ГХЯ-ны Консулын газрын захирал):
-Нисэх бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байцаагч, эмч нар багтах бөгөөд зорчигчдыг онгоцонд суулгахаас өмнө болон нислэгийн явцад биеийн байдлыг нь хянана. Тусгай нислэг үйлдэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, халуурсан хүнийг онгоцонд суулгахгүй, хоол өгөхгүй, босож явахыг хориглох юм.
Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга):
-Европын орнуудад сүүлийн нэг хоногт бүртгэгдсэн өвчтөнүүдийн зонхилох хувийг 17-37 насныхан эзэлжээ. Ингэснээр 60-аас дээш насныхан халдвар авч, хүндэрнэ гэсэн ойлголт үгүй боллоо. Тиймээс залуучууд онцгойлон анхаарч, хувийн ариун цэврээ сайтар сахиарай.
О.АРИУНТУЯА (ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн):
- “Ковид-19”-ийн тархалтыг таслан зогсоох боломж буйг ДЭМБ-аас улс орнуудад сануулаад, зургаан чиглэлээр зөвлөмж өгсөн. Тодруулбал, эмч, мэргэжилтнүүдийг сургах, сэжигтэй тохиолдол, халдвар тээгчдийг эрт илрүүлж, харилцсан хүмүүсийг нь хөл хорих, эмнэлгийн ор болон тусгаарлах байрыг нэмэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахыг зөвлөв.
ЗӨВЛӨГӨӨ
Халдвар гарсан улс оронд зорчсон, өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй хүнтэй харилцсан бол ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай. Ингэхдээ ЭМЯ-ны дараах зөвлөгөөг дагаарай.
- Гэрээсээ гарахгүй, зочин урихгүй байх
- Сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх
- Халуунаа өдөрт хоёр удаа хэмжих
- Өрөө, тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах
- Гарын алчуур, аяга, халбагаа тусдаа хэрэглэж, ариутгах
- Шим тэжээлтэй хоол, хүнс идэх
- Гараа сайтар савандаж угаан, амны хаалт зүүх