“Ковид-19”-ийн халдвар авсан 10 хүний бие сайн байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тус төвийнхөн өдгөө 186 хүнийг хянаж, үзлэг, шинжилгээ, тандалт судалгаа хийж байгаа аж. Алтанбулаг боомтоор нэвтэрсэн, өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй гурван хүнийг энэ сарын 23-нд Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарласан бөгөөд шинжилгээнийх нь хариу сөрөг гарсныг Д.Нямхүү захирал хэлсэн. Тэрбээр “Бид хүн амын дунд “Ковид-19”-ийн тандалтыг давхар хийж байгаа. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт уушгины хатгалгаагаар хэвтэн эмчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 28-ыг нь сонгон, коронавирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Цаашид ч үргэлжлүүлэн тандана. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шинэ вирусийн халдвартай өвчтөнүүдээс өдөр бүр олон төрлийн шинжилгээ авч, эмчилгээний үр дүнг хянаж байна. Тухайлбал, хамар, залгиурын арчдас, цэр, цус, өтгөн, шингэнд шинжилгээ хийж, коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана. Үүнийг тус бүр гурван удаагийн оношилгоогоор баталгаажуулах юм. Хэрэв шинжилгээг алдаж, эсвэл дутуу хийвэл халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй” гэсэн юм.
Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 252 хүний үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж буй юм байна. Түүнчлэн тусгаарлах байрнаас гарсан хүмүүсийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу гэр гэрт нь 14 хоног хөл хорих бөгөөд ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ-ынхан хатуу хянах гэнэ. Учир нь шинэ вирусийн клиник шинж тэмдэг өдөр ирэх тусам өөрчлөгдөж, нийт тохиолдлын 30 хувьд нь ямар нэгэн зовуурь илрэхгүй байгааг олон улсын эрдэмтэд тогтоожээ. Халдвар авсан, хөнгөн явцтай өвчтөнүүд хамгийн цөөндөө 14, дунд болон хүндэвтэр хүмүүс эмнэлэгт дунджаар 6-7 долоо хоног хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс эхний ээлжид долоон үе шаттайгаар 5000 ор дэлгэхээр бэлдэж буйгаа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдэгдсэн. Өвчтөнүүдийн бие хэдийгээр сайжирч байгаа ч цаашид удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх тооцоог албаныхан гаргажээ. Коронавирустэй холбоотой бусад мэдээллийг хүргэе.
Бэлтгэсэн: О.Бат-ундрах
ЭШЛЭЛ
“Ковид-19” ямар хор уршигтай, урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой зэрэг асуудлаар өчигдөр холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд юу хэлснийг хүргэе.
Б.УУГАНБАЯР (ОБЕГ-ын дэд дарга, хурандаа):
-ОХУ-аас 33 оюутан, БНХАУ-д байгаа нүүрс тээврийн жолооч нарыг авчрах шийдвэр гарсан. Өмнөд хөршөөс мөн тодорхой тооны оношлуур, амны хаалт авах боллоо. Иргэдийн хариуцлага, анхаарал сулрах тийшээ ханджээ. Аюулыг давж гартал нийтээрээ хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөөрэй.
Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга):
-Францад монгол эмэгтэй коронавирусийн халдвар туссан гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Барууны орнуудад “Ковид-19”-өөр 18-45 насныхан түлхүү өвчилж, хүүхдүүд эндсэн тохиолдлууд ч гарлаа. БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор Азид өвчний хоёр дахь давлагаа үүсэж болзошгүйг эрдэмтэд анхааруулсан. Тиймээс болзошгүй дэгдэлтээс сэргийлэх шаардлага бидэнд дахин тулгарав.
Ж.БАТБАЯСГАЛАН (Нийслэлийн Засаг даргын орлогч):
-Энэ сарын 17- ноос орон сууц, гэр хорооллын 2335 км зам, 117.5 ам метр гудамж, талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ. Баянзүрх, Налайх дүүрэгт уг ажлыг үргэлжлүүлж байна. Ариутгал бүрэн дууссаны дараа дахин 2-3 удаа халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн.
Б.ЯНЖМАА (ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга):
-ДЭМБ-аас хүн төрөлхтөнд зайнаас харилцах зөвлөмж өгсөн. Тухайлбал, Европын орнууд иргэддээ эл зөвлөгөөг чанд мөрдүүлж, үйлчилгээний болон олон нийтийн газруудад дөрвөн метр талбайд нэг хүн ногдохоор, хүмүүс хоорондын зайг хоёр хүртэлх метрээр зааглаж байна.
ЗӨВЛӨГӨӨ
Ариутгалын бодисыг цэвэр усаар заавал саармагжуулна
Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэдийг гэр орноо тогтмол цэвэрлэж, ариутгахыг зөвлөж буй ч олонх нь энэ талаар хангалттай мэдээлэлгүй байна. Тиймээс ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа дараах зүйлсийг зөвлөлөө.
- Цэвэрлэгээ хийхээс өмнө амны хаалт, ахуйн бээлий өмсөх нь угаалгын болон ариутгалын бодисоос харшлахаас сэргийлнэ.
- Гэрт хаалга, бүх төрлийн шүүгээний бариул, ширээ, сандлын түшлэг, шат, зурагтын удирдлага, гал тогооны хэрэгсэл, гар болон суурин утас, буйдан, суултуур, угаагуур, цоргыг мөн сайтар цэвэрлэж, ариутгана.
- Шүршдэг, цацдаг, хөөсөрдөг бүх төрлийн угаалгын бодисыг ариутгах, халдваргүйжүүлэх зориулалтаар ашиглаж болно. Гэхдээ шинэ вирус хлор агуулсан уусмалд мэдрэг тул хлорамин, блезна, жавелион зэргийг хослуулж хэрэглээрэй.
- Хлор агуулсан дээрх бодисыг хэрэглэхдээ зааврыг чанд мөрдөнө. Блезна гэхэд үйлдвэрлэгчээсээ хамаараад хлорын идэвх нь янз бүр байдаг. Жишээ нь, таван хувийн блезнаг ариутгалд ашиглахдаа 10 л усанд 65, нэг литрт 15 мл-ийг хийж найруулна. Ингэхдээ бүлээн усанд 20 мин, хүйтэн усанд найруулбал 60 минутын дараа угаалга, цэвэрлэгээнд ашиглаарай. Ингэвэл ариутгах үүргээ гүйцэтгэнэ. Хэсэг хугацааны дараа эд зүйлсээ цэвэр усаар зайлах, эсвэл арчиж, хорыг заавал саармагжуулна.
- Цэвэрлэгээ дууссаны дараа алчууруудаа сайтар угааж, хатаах, хоёр цаг тутамд өрөө, тасалгаандаа агаар оруулах хэрэгтэй.
Бэлтгэсэн: О.Оргилох
Дэлхийн банк 2.2 сая ам.долларын санхүүжилт олгох боллоо
“Ковид-19” цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн банкнаас 2.2 сая ам.долларын санхүүжилт олгох болсноо мэдээллээ. Нэн даруй олгох уг санхүүжилтийн хөрөнгөөр 15 суурин, 12 зөөврийн дижитал рентген аппарат, хэт авианы оношилгооны 41 аппарат зэрэг тоног төхөөрөмж худалдан авах нь. Тэдгээрийг ирэх дөрөвдүгээр сарын эхээр тээвэрлэн авчрах төлөвтэй байгаа аж. Энэхүү санхүүжилтийг “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд олгож буй юм байна. Тус төсөл нь сонгосон туршилтын байршлуудад цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой гэнэ.
Бэлтгэсэн: Ц.Болор
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Амны хаалт цахимаар захиалж, их хэмжээний мөнгөө луйвардуулсан гэв
Коронавирусээр далимдуулж иргэдийг залилах, хуурамч хаяг, сайт руу нэвтрүүлэх замаар хувийн мэдээллийг нь олж, цахим гэмт хэрэг үйлдэх болсныг ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бүрэнбаатар мэдээлэв. Тэрбээр “Манай улс цахим хэрэглээгээр тивдээ тэргүүлдэг. Тэр хэрээр интернэтээр бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэх боллоо. Тухайлбал, амны хаалт, ариутгалын бодис үйлдвэрлэгч гадаад, дотоодын компанийн нэр, цахим хаягийг ашиглан, улс дамнасан гэмт хэрэг гарч байна. ӨМӨЗО-ы Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д “Амны хаалт их хэмжээгээр нийлүүлнэ” гэж Б-гээс 8.4 сая төгрөг залилсан. Түүнчлэн иргэн Г, М нар амны хаалт их хэмжээгээр захиалах нэрээр урьдчилгаа төлбөрт 117 сая төгрөгийг Герман руу шилжүүлж, залилуулсан. Үүнтэй төстэйгөөр залилуулсан болон хуурамч мэдээлэл тараасан зэрэг 25 хэрэг, зөрчлийг шалгаж байна. Тиймээс иргэдэд “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэж уриалъя” гэлээ.