COVID-19 өвчин өмнөд хөршид дэгдэж, Ухань хотод хөл хорио тогтоосноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хятад улс өнгөрсөн хоёр сарын хугацаанд тахлын тархалтын хумьж цурманд оруулсан бол Итали, Иран, АНУ, Испани зэрэг олон оронд цар хүрээ нь хурдтай тэлж байна. Дэлхий эрүүл мэндийн байгууллага АНУ COVID-19-ийн дараагийн голомт болж байгааг зарласан бол Италид халдвар авсан хүний тоо далан мянга шүргэж, өнөө маргаашдаа батлагдсан тохиолдлын тоогоор Хятадыг давах нь.
Одоогоор дэлхий даяар 423 мянган хүн энэ вирусийн халдвар авсан бөгөөд эдгээрийн 80 хувь нь хөнгөн, 14 хувь нь хүндэвтэр (амьсгаа давчдах, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ багасах зэрэг), таван хувь нь хүндээр (амьсгалын дутагдал, халдварын шок эсвэл эрхтэний дутагдал) өвчилсөн байна. Одоогийн датанд тулгуурлан тооцоолсноор энэ өвчний нас барах түвшин 0.3-1 хувь байна хэмээн Хятадын bioon.com цахим хуудаст мэдээлжээ. Энэ нь SARS-аас 10 дахин бага бол ердийн ханиаднаас эсрэгээрээ 10 дахин их дүн юм байна.
Гэхдээ нас барах түвшин нь өвчтөний нас, эрүүл мэндийн байдал, тухайн улс орны эрүүл мэндийн үйлчилгээний чанар зэргээс шалтгаалан дэлхийн улс орон бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал, Хятадад батлагдсан тохиолдол дунд 50-иас дээш насны бүлгийнхний нас барах хувь 0.5-аас бага байсан бол 80-аас дээш насныханд 15 хувь болон өсчээ. Бусад тохиолдлын хувьд зүрх судас 10.5%, чихрийн шижин 7.3%, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд дээрх үзүүлэлт 6.3% байгаа гэнэ.
COVID-19 нь 2003 онд өмнөд хөршид дэгдсэн SARS-ийн “үеэл” дүү нь бөгөөд генийн бүтцийн хувьд маш төстэй аж. Арванхоёрдугаар сард илэрсэн уг халдварыг эрдэмтэд долоо хоногийн дотор корона вирусийн шинэ төрөл болохыг тогтоож, үүнээс ч бага хугацаанд генийн бүтцийг нь нарийвчлан тодорхойлж чадсан нь гайхалтай. Гэхдээ энэ өвчний талаар тодорхойгүй маш олон зүйл байсаар байна. Тухайлбал, Хятадад батлагдсан тохиолдлын гурваас бага хувийг 20-иос доош насныхан эзэлж байна. 10-аас доош насны хүүхэд уг өвчний улмаас эндсэн тохиолдол Хятад улсад бүртгэгдээгүй. Энэ нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, эрт хөл хорьсонтой холбоотой юу эсвэл 20-иос доош насныхан энэ өвчний эсрэг дархлаа харьцангуй сайн байна уу гэдгийг судалж байна. Гэтэл сүүлийн үед хүүхдүүд COVID-19-өөр өвчлөх болсон нь сонин.
Өмнө нь хийсэн судалгаагаар COVID-19 нь SARS болон ханиад томуутай харьцуулахад жирэмсэн эмэгтэйчүүдэд ноцтой хүндрэл учруулахааргүй байгаа. Одоо ч энэ өвчин умай болон эхийн сүүгээр дамжин нярайд халдварладаг гэх тодорхой баримт байхгүй. Гэхдээ энэ өвчний тохиолдол нэмэгдэхийн хэрээр уг вирус жирэмсэн эмэгтэйд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судлах шаардлагатайг bioon.com цахим хуудаст гарсан нийтлэлд онцолжээ. Мөн Италид батлагдсан тохиолдлын 10 хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Энэ нь өвчлөл илүү хүндрэх магадлалтайг харуулж буйг Хятадын эрдэмтэд хэлж байна.
Дэлхий эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар Хятад улс тусгаарлах болон хориглох хатуу арга хэмжээ авснаар 100 мянган хүн нэмж халдвар авахаас сэргийлж чадсан гэжээ. Тусгаарлах үйл ажиллагаа нь тахлын тархалтыг бүр мөсөн зогсоож чадахгүй ч гэсэн хумихад тустай гэдгийг өмнөх жишээнээс харж болно. Гэтэл тархалтын тоо өсөж байгаа олон оронд одоо ч хөл хорио тогтоох арга хэмжээ авахаас зайлсхийж буй юм. Олон нийтийн хөл хөдөлгөөнийг хориглолгүйгээр өвчний тархалтыг тодорхой хүрээнд барьж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэмээн зарим судлаач онцолж байна.