Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс 28 хүнд санамсаргүй түүврийн аргаар СOVID-19 халдварын шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д 186 иргэд хяналтад байна. Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна. Халдвар авсан 10 өвчтөний бие тогтвортой байна.
Лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, залгиур, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна.
Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна.
Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.
Энэ сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдээс Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдсан. Тухайн гурван иргэнээс шинэ коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авч байна. 14 хоног тусгаарлалтад байсан иргэд өөрийгөө 14 хоног хянах үүрэгтэй" гэлээ.