“Ковид-19” өвчин өчигдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гишүүн 195 улсад бүгдэд нь тархсан байв. Ийнхүү дэлхий нийтийг нөмөрсөн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ нь эв нэгдэлтэй байх, ариун цэврээ сахих гэдгийг тус байгууллагаас байнга анхааруулж буй. Түүнчлэн хүмүүс бие биетэйгээ аль болох нүүр тулан харилцахгүй байхыг зөвлөж байгаа. Манай улсад шинэ төрлийн коронавирусийн 10 дахь тохиолдол энэ сарын 21-нд бүртгэгдсэнээс хойш дахиж илрээгүй. Хэдий тийм боловч иргэд санаа амарч, анхаарлаа сулруулж болохгүйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр онцолсон. “Ковид-19” нэгэнт дэлхийг хамарсан тул аль ч улс үүнээс зугтаж чадахгүй, ийм боломж ч байхгүй, гагцхүү хүн бүр хичээл зүтгэл гаргаж, хохирол багатай даван туулах учиртайг холбогдох албаныхан байнга сануулж буй билээ. Сайд Д.Сарангэрэл ч өчигдөр “Манай улсад халдвар тархана гэж тооцож, бид бэлтгэлээ хангах учиртай” гэж мэдэгдсэн юм. Уг өвчин олон улсад хэрхэн тархсан, монголчууд урьдчилан сэргийлэх хүрээнд ямар арга хэмжээ авч байгаа зэрэг мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Бэлтгэсэн: М.Оч
Шаардлага гарвал төрөх эмнэлгийнхээс бусад бүх орыг ашиглах нь
Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар улсын хэмжээнд эмнэлгийн 24 884 ор байна. Үүнээс 16 000 орчим нь улсын эмнэлгийнх аж. 10 000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо 78.8 болж, эл үзүүлэлтээрээ бид хөгжиж буй орнууддаа дээгүүрт, зарим хөгжингүй улсаас ч олонд тооцогдох болж. Стандартаар, манай улсад эмнэлгийн ор хангалттай ч энгийн үед үйлчлүүлэгчид ор хүлээж, олон хоног дугаарласан хэвээр. Тиймдээ ч албаныхан “Ковид-19” дэгдвэл одоо ашиглаж буй ор хаанаа ч хүрэлцэхгүй тул хөнгөн явцтай өвчтөнийг гэрээр эмчлэх тухай ярьж байна. Хэрэв халдвар газар авбал дээрх орноос хэчнээнийг нь ашиглах боломжтойг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулснаа хүргэе.
Бэлтгэсэн: О.Ундрах
Хубэй мужийн хүн амын гарч, орох хөдөлгөөнийг сэргээж байна
Хятадын эрх баригчид өнөөдрөөс Хубэй мужийн оршин суугчдын орж, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалж байна. Харин нэгдүгээр сарын 23-наас гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Ухань хотын хөдөлгөөнийг ирэх сарын 8-ны шөнө дундаас сэргээх гэнэ. Мөн зөөврийн халдварын тоо өссөнтэй холбоотойгоор өнөөдрөөс тус улсад хилийн чанадаас ирэх бүх зорчигчийг төвлөрсөн хол хорионд оруулж, вирусийн шинжилгээ авахаар болжээ. Тус улсад 500 гаруй кинотеатр нээгдсэн хэдий ч бараг үзэгчгүй байгаа гэнэ. Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөр ирэх тусам буурсаар одоо эмнэлгүүдэд 4735 өвчтөн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүний 90 гаруй хувь нь эдгэрсэн гэнэ. Сүүлийн мэдээгээр халдварын 81 171 тохиолдол бүртгэгдсэнээс 73 159 нь эмнэлгээс гарсан байна. Италид халдварын тохиолдол 4789-өөр нэмэгдэж, 63 927-д хүрснээс 6077 нь нас барж, 7432 өвчтөн эдгэрчээ.
АНУ-ын эрдэмтэд макак сармагчинд “SARS-CoV-2” шинэ төрлийн коронавирус халдаахад хүнээс илэрдэг шинж тэмдгүүд бүртгэгджээ. Энэ нь эл амьтанд “Ковид-19”-ийн вакцин болон эм турших боломжтой гэсэн үг болохыг цахим номын сан гэгддэг bioRxiv. org хуудсанд гарсан нийтлэлд тэмдэглэсэн байв. Тус улсад халдвар авсан хүний тоо 10 мянга гаруйгаар нэмэгдэж, 46 145 болсноос 582 нь нас барж, 295 өвчтөн эмнэлгээс гарчээ. АНУ-ын дараагаар Испани, Герман, Иран, Франц орж, халдвар эрчимтэй тархаж буй улсад тооцогдож байна. Японы Боловсролын яам өндөр сонор сэрэмжтэй байх нөхцөлтэйгөөр тогтсон хуваарийн дагуу буюу дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт дунд сургуулиудынхаа хичээлийн шинэ жилийг нээх шийдвэр гаргажээ. Тус улсад халдварын 1140 тохиолдол бүртгэгдсэнээс 42 нь амьсгал хурааж, 285 өвчтөн эдгэрчээ.
Үүний сацуу улс орнууд халдвар тархахаас сэргийлж хоригдлуудынхаа тоог цөөрүүлж байна. Тухайлбал, Энэтхэг улс Азидаа хамгийн томд тооцогддог Тихар шоронгийнхоо 3000 орчим хоригдлыг суллах болжээ. Тэдний ялыг тэнсэн харгалзах болгон өөрчлөх, эсвэл түр батлан даалтаар суллах болгон хөнгөвчилж буй гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал
ЭШЛЭЛ
“Ковид-19” ямар хор уршигтай, урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэх ёстой зэрэг асуудлаар өчигдөр холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд юу хэлснийг хүргэе.
Д.НЯМХҮҮ (ХӨСҮТ-ийн ерөнхий захирал):
-Өнөөдрийн байдлаар (өчигдөр) манай төвд 289 хүнийг тусгаарлан, хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос “Ковид-19”-ийн сэжигтэй хоёр хүнийг Сэлэнгэд, нэг иргэнийг Орхон аймагт тусгаарлалаа. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар луу ирүүлж байгаа.
МАЙКЛ КЛЕЧЕСКИ (Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд):
-АНУ зөвхөн дотооддоо бус, дэлхий дахинд коронавирусийг тогтоон барихын тулд ажиллаж байгаа. Үүний хүрээнд ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
АЛЕКС ХAЙКЕНС (НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч):
-“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч буй хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүд гаргасан нь үр дүнтэй байна. Цаашид илүү анхааралтай ажиллах ёстой.
Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга):
-Дэлхийн олон орны эрдэмтэд шинэ вирусийн эсрэг вакцин гарган авахаар цаг наргүй ажиллаж буй ч дорвитой үр дүнд хүрээгүй л байна. Тиймээс бид наанадаж зургаа, цаашлаад 12 сар хөл хориог мөрдөж, нийтээрээ эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахих шаардлагатай. Түүнчлэн иргэд хувцсаа яаран нимгэлэлгүй, дархлаагаа дэмжиж, хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг онцгойлон анхааруулъя.
Д.МАНДАХНАРАН (тархвар судлаач, доктор):
-Вакцингүй, хөдөлгөөнийг хязгаарлаагүй нөхцөлд коронавирус геометр прогрессоор өсөж, халдвартай ганцхан тээгч 15 хүний дунд ороход 13-ийг нь өвчлүүлж, есийнх нь аминд хүрэх эрсдэлтэй. Харин вакцин гарган авсан, дээр нь хөл хориотой бол хүн амын дунд халдвар тархахгүй.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах утас:
119, 1800-2000, 11-323002, 80086829