Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтын ажлын хэсэг өчигдөр /2020.03.23/ Баянгол дүүрэгт байрлах “Барс” худалдааны төвд ээлжит хяналт шалгалтыг хийж, тус захын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарын борлуулж буй бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, борлуулалтын үнэ, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтэд хяналт шалгалтыг хийлээ.
“Барс” худалдааны төв нь нийт 450 түрээслэгчтэй, мах, гурил будаа, жимс, хүнсний ногоо гэсэн 4 төрөлтэй, бөөний 6 агуулахтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. Махыг жижиглэнгээр худалдаалдаг бөгөөд махны нийлүүлэлт хангалттай, махны үнэ 2020 оны гурав сарын 23-ны өдрийн байдлаар өмнөх 7 хоногтой харьцуулахад төрлөөсөө шалтгаалан 1 кг тутамдаа 700-1500 төгрөгөөр буусан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна.
Тус захын хувьд хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамж хэвийн, зохиомол үнийн хөөрөгдөл үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнчлэн худалдан авагчийн тоо цөөрсөн, борлуулалт муу байгаагаас тус захын захиргаанаас 2020 оны 3, 4 дүгээр саруудад түрээсийн төлбөрийг 15 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.
Харин зарим хүнсний лангуу эрхлэгчдийн худалдан борлуулж буй БНХАУ-ын импортын бүтээгдэхүүн болох мах амтлагч, савласан будаа зэрэг бүтээгдэхүүн нь хаяг, шошгын зөрчилтэй нөхцөл байдал илэрсэнд зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан бөгөөд савласан будааны шошгын зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн захын лабораторийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зарим зөрчил дутагдлыг шуурхай арилгах хугацаатай үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.