Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа болон нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3222 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байгаа. Өнгөрсөн шөнө Орхон аймагт 44 иргэн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан иргэдтэй хамт 286 эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлагдсан байна" гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 24 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэж өмнө мэдээлсэн. Мөн энэхүү онгоцоор ирсэн 22 иргэний шинжилгээ хийгдэж байна. Токио-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 52 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Энэ сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээ байна.
Шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээлэл өгье. Хоёр иргэний биеийн байдал муу байсан бол тогтвортой болж, сайжирсан. Мөн франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэв.