“Ковид-19” вирусийн халдвар авсан хүнээс хоолны амт мэдрэхгүй, эсвэл үнэр ялгахгүй байх шинж тэмдэг илэрдэг гэсэн дүгнэлтийг Британийн чих, хамар хоолой, толгой, хүзүүний эмгэг судлалын холбооны мэргэжилтнүүд хийжээ. Энэ нь шинж тэмдэггүй өвчтөнийг илрүүлэхэд тус болох гэнэ. БНСУ, Хятад, Итали, Германы өвчтөнөөс ийм баттай шинж тэмдэг илэрч байжээ. ДЭМБ-аас өчигдөр 16.00 цагт мэдээлснээр шинэ вирус 188 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. Тэдгээрт халдварын 308 564 тохиолдол бүртгэгдсэнээс 13 069 нь нас барж, 95 829 өвчтөн эмнэлгээс гарсан гэнэ. Халдвар идэвхтэй тархсан АНУ олон улсын жагсаалтын гуравдугаарт бичигдэх болов. Тус улсад халдвар авсан хүний тоо 7401-ээр нэмэгдэж, 26 892 болсноос 348 нь нас барж, 178 өвчтөн эдгэрсэн байна. АНУ-ын зарим эмнэлэг мөнгөгүй, санхүүгийн тусламж авч чадаагүйн улмаас халдвар тархсан энэ үед хэдэн долоо хоногоор хаалгаа барихад хүрч буй тухай тус улсын эмнэлгүүдийн холбооноос мэдээлснийг “Washington post” сонин уламжилжээ. Халдварын тоогоор АНУ-ын дараагаар Испани, Герман, Иран, Франц, БНСУ, Швейцар, Британи, Нидерланд, Австри жагссан байна. Хятадад зөөврийн 45, дотоодод илэрсэн нэг, нийт 46 тохиолдол нэмэгдэж, халдвартай хүний тоо 81 054 болсноос 3261 нь нас барж, 72 440 өвчтөн эмнэлгээс гарчээ. Тус улсын компаниуд дэд бүтцийн гол объектуудын 89 хувийн барилгын ажлыг сэргээсэн тухай мэдээлж байна.
Европ тив халдвар тархалтын томоохон голомт хэвээр буй. Италид халдвар авсан хүний тоо 6557-гоор өсөж, 53 578-д хүрснээс 4825 нь нас барж, 6072 өвчтөн эдгэрсэн гэнэ. Өнгөрсөн пүрэв гарагт шинэ төрлийн коронавирусээр нас барагсдын тоогоор тус улс Хятадыг гүйцэж түрүүлсэн билээ. Халдвар эрчимтэй тархсан Италийнх шиг байдал улсад нь үүсэж болзошгүйг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон анхааруулжээ. Тус улсад халдварын тохиолдол 1035-аар нэмэгдэж 5018 болсноос 233 нь нас барж, 93 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар дэлхийд шинэ төрлийн коронавирусийн 20 орчим вакцин бүтээж, эхнээсээ клиникийн туршилтад оржээ. Эм, бэлдмэлийн хувьд ч хэрэглээнд нэвтэрсэн нь байхгүй, туршилтын шатандаа явна.
Монголын иргэд олноор аж төрдөг БНСУ-д халдвар авсан хүний тоо 245-аар өсөж, 8897 болсноос 104 нь нас барж, 2909 өвчтөн эдгэрсэн гэнэ. Японд халдварын тохиолдол 47-гоор нэмэгдэн, 1054-т хүрснээс 36 нь амьсгал хурааж, 215 өвчтөн эмнэлгээс гарчээ. Харин манай хойд хөрш ОХУ-д халдвартай хүний тоо 53-аар өсөн, 306-д хүрснээс нэг нь нас барж, 16 өвчтөн эдгэрсэн аж.