-Ш.Мөнгөншагай прокуророос татгалзахаа мэдэгдэв-
Монгол Улсын газрын хэвлий дэх ашигт малтмалыг ухахын тулд төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг нь булаацалдсан Ван, Ян хэмээх хятадуудын маргаан манай шүүх, шүүхийн шинжилгээний, өмгөөллийн, цагдаагийн байгууллагын авлигын сүлжээг ил болгочихоод буй гэхэд хилсдэхгүй. Энэ хэрэгт холбогдсон шүүгч асан, Гавьяат хуульч Л.Б Цагдан хорих ангид цаг бусаар нас барж, зарим нь хил давж явчихаад буй билээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар 50 саяас дээш төгрөгийн хахууль авсан. Уг мөнгийг нь нэр бүхий өмгөөлөгч зуучлан шүүгчдэд хүргэж өгсөн. Түүнийх нь дагуу хэрэг хуваарилахаас авхуулаад иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх хүртэлх үйл ажиллагаанд шүүгч нар оролцсон гэх хэрэгт Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг гэм буруутайд тооцон яллах дүгнэлт шүүхэд шилжүүлээд байгаа. Гэхдээ Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр явсан тул түүнд холбогдох, МӨХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвнямаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үйлдлийг нь тусгаарлаад буй юм. Ингэснээр өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэр бүхий таван шүүгчээс гадна хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг, Ж.Цэцгээ, Ч.Амгаланбаяр, М.Цэндсүрэн, Ш.Энхтөр, Н.Уранчимэг, С.Оюунбат, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнд холбогдох хэргийг нээлттэй хэлэлцэхээр болсон юм. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-1 дэх хэсгийн “Шүүх хурлыг нээлттэй явуулна” гэх заалтыг зөрчиж, сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг хурал эхлэхээс өмнө шүүх танхимаас гаргаад зогсохгүй, зурагчин, зураглаачдын авсан зургийг устгуулсан юм. Уг нь дээрх хууль, түүнд нийцүүлэн ШЕЗ-өөс баталсан журамд зааснаар нээлттэй шүүх хурлын эхлэл, тогтоол уншиж буй хэсгийг нийтэд мэдээлж болохоор атал шүүгдэгчийн ширээнд сууж буй өмгөөлөгч, шүүгч, хуульч, тэдний өмгөөлөгчөөр ажиллаж буй нэр бүхий өмгөөлөгч нарын үгээр болж, олны анхааралд буй хэргийг сурвалжлах боломж сэтгүүлчдэд олгосонгүй.
Шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийг яллах дүгнэлттэйгээ танилцсан, эсэхийг тодруулж, ирцтэй холбоотой хүсэлт буй, үгүйг хэлэлцсэн. Энэ үед хахууль өгсөн хэрэгт холбогдоод буй, уяач Ш.Мөнгөншагай “Прокуророос татгалзмаар байна” хэмээсэн. Хуралдаан даргалагч шүүгч Х.Одбаяр “Ирцтэй холбоотой хүсэлт шийдвэрлэж буй учраас үүнийг хэлэлцэхгүй” гээд бусад шүүгдэгчээс хүсэлтийг нь тодруулсан юм. Шүүгдэгч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг “Биднийг яллах гээд улайран дайрч буйтай санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэ хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжгүй болсон. Би сэтгүүлч нарт хандаж үг хэлмээр байна. Гуравдугаар сарын 9-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Түүний өмнөх өдөр бидний холбогдсон хэргийн талаар нэвтрүүлэг бэлтгэж зурагтаар гаргалаа. Яагаад заавал “Мартын-8”-нд тэр нэвтрүүлгийг цацав. Яагаад биднийг яллах гээд чичрээд дайраад байгаа юм бэ” гэв. Энэ үеэр нэг өмгөөлөгч нь “Шүүх хурлын танхим хэтэрхий жижигхэн байгаа тул заалны багтаамжийг сайжруулж том танхимд хурлаа явуулмаар байна” гэсэн бол өөр нэг нь яллах дүгнэлт маш их алдаатай, хууль зөрчсөн, “бантан” шиг хачин юм оруулж ирлээ” хэмээсэн юм. Шүүгдэгч 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын нэг бүрийнх нь хүсэлтийг сонссоны дараа шүүх бүрэлдэхүүн хурлыг завсарлуулж, зөвлөлдөөд шүүгдэгч, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч хурлыг ирэх сарын 13-ны 09.30 хүртэл хойшлууллаа.
Бэлтгэсэн: Г.Равжаа