Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Цагаан хустайн орчимд дэрвэгэр жиргэрүүний нэг тн үр нөөцөлсөн байсныг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өнгөрсөн даваа гарагт илрүүлжээ. Тодруулбал, Дорнод аймгаас орон нутгийн иргэд түүж бэлтгэсэн үрийг иргэн Г өнгөрсөн оны 4-8 дугаар сард худалдан авч, БНХАУ-ын иргэнд өндөр үнээр борлуулах зорилгоор хадгалж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагынхан ургамлын үрийг хадгалж байсан чингэлэгт хэргийн газрын үзлэг хийж, зургаан иргэнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Үрийг эд мөрийн баримтаар хурааж, мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.
Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, дэд ахлагч Г.Анар-Эрдэнэ “Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүүг устахаас урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар түүж, бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл таван жилийн хугацаагаар хориглосон. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 282 дугаар тушаалын хавсралтаар нэг кг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 50 000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3- т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Уг хэрэгт холбогдуулан гурван этгээдийг шалгаж байгаа. Одоогоор мөрдлөгийн шатанд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш ховор ургамал түүж, худалдан борлуулахыг завдсан таван зөрчил бүртгэгджээ.