Мэдээлэлд ойр байдаг эрх мэдлээ ашиглан, Монгол Улсын аливаа санд хуримтлуулсан татвар төлөгчдийн, олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөс завших явдал нэг бус удаа гарав. Үүний тод жишээ нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгөөс УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авч, зарим нь зориулалт бусаар зарцуулсан нь өдгөө ч олны анхааралд хэвээр байна. УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарт холбогдох, дээрх сангаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан гэх хэргийг одоо болтол хууль сахиулагчид нэг тийш нь шийдвэрлэсэнгүй. Нэр бүхий дээрх гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан нь хэрэг удаашрахад нөлөөлсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Уг нь Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах санал гаргаж УИХ-аар шийдвэрлүүлэхээр хандсан ч эрх баригчид олонхоороо хамгаалаад үлдсэн юм. ЖДҮХС-гийн хөрөнгөөс УИХ-ын гишүүд олноороо зээл авсан нь олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүдийг өдгөө ч муухай харагдуулсаар.
Гэхдээ тус сангийн хөрөнгийг хууль, журмын дагуу зарцуулаагүй, сонгуулийн санал авах нэг хэрэгсэл болгосон байх магадлалтай тохиолдол ч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС гэх “саалийн үнээ”-г МАН ч гэлтгүй, АН-ын эрх бүхий албан тушаалд томилогдсон сайд, дарга нар нь бүгдээрээ “саасан” аж. ЖДҮХС өнөөг хүртэлх хугацаанд ХХААХҮЯ, Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яамны бүтцэд багтаж байгаад өдгөө буцаад ХХААХҮЯ-ны харьяанд ирээд буй. 2009-2012 оны хооронд ХХААХҮЯ-ны бүтцэд байхад сайдаар нь Т.Бадамжунай ажиллахдаа ЖДҮХС-гаас 200 гаруй төсөлд есөн тэрбум гаруй төгрөг олгожээ. Энэ нь зөвхөн тус сангаас шууд санхүүжүүлсэн төслийн дүн. Банкаар дамжуулж олгосон зээлийг тооцвол дүн нь илүү нэмэгдэнэ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын тушаалаар 2012-2013 онд дээрх сангаас 50 төслийг 27.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх болсон байна. 2015-2016 онд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын тушаалаар зөвхөн дээрх сангаас 50 төсөлд 15.9 тэрбум гаруй төгрөг шууд олгожээ. Харин банкаар дамжуулж 453 төслийг 84.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байх юм.
МАН олонх болсон 2016 оны сонгуулийн дараа ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэн томилогдоход түүний тушаалаар 237 төсөлд 90-ээд тэрбум төгрөг өгчээ. МАН олонх болсон 2016 хойш энэ салбарын сайдаар ажиллаж байсан нэгэн өдгөө шүүхээр гэм буруугаа хэлэлцүүлэхээр болоод буй. Харин АН олонх болсон жилүүдэд хууль зөрчсөн байж болзошгүй сайд нар нь УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийдээ заларсаар байгаа билээ. Аж үйлдвэрийн болон Хөдөлмөрийн сайдын хууль зөрчсөн байж болзошгүй шийдвэрүүдийн талаар доор өгүүлье.
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ ТУШААЛ 10 УДАА ГАРГАЖЭЭ
Хөдөлмөрийн болон Аж үйлдвэрийн сайд нар 2012-2016 оны хооронд ЖДҮХС-гийн зээлийн хүүгийн эргэн төлөлтөөс зээл олгох тушаал гаргаж байж. Хөдөлмөрийн сайд энэ хугацаанд хоёр, Аж үйлдвэрийн сайд 10 удаа тушаал гаргаж зээл олгосон гэнэ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын гаргасан тушаалын хавсралтад зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг тодруулсан ч, заримынх нь хавсралт байхгүй, өмнө гаргасан тушаалд багтсан нэрсийг дахин оруулсан зөрчил буй аж. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зориулахаар хууль, журамд тусгасан атал хүүхэд хөгжлийн төв байгуулах төслийг санхүүжүүлэхээр дэмжин зээл олгохдоо хугацаа, хувь хэмжээг нь тусгаагүй тохиолдол ч гарсан байна.
Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2016 оны хоёрдугаар сарын 8-наас 2016 оны долдугаар сарын 7 хүртэлх таван сарын хугацаанд 10 удаа тушаал гаргаж, 17.8 тэрбум шахам төгрөгийн зээл олгохоор баталжээ. Түүний дийлэнхийг нь Сэлэнгэ аймгийн иргэдэд олгосон байгаа нь сонгуулийн санал худалдаж авсан байж болзошгүй гэх хардлага төрүүлдэг гэх хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл, 2016 онд олгосон 1.5 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй дийлэнх зээлийг (90 гаруй хувийг) Сэлэнгийнхэнд олгосон бол цөөн тооны өөр аймаг, орон нутгийн хүмүүс хамрагджээ. Тухайлбал, Булган аймгийн иргэн Х сүү боловсруулах төсөлдөө 20 сая төгрөг авсан бол Улаанбаатар хотын иргэн Г.М компаниараа дамжуулан гахайн ферм эрхлэхээр 600 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Гэхдээ тус компанийн 600, иргэн Ц-гийн 25, Г-ын 200, Б-гийн 10 сая гээд нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохдоо ямар нэг сонгон шалгаруулалтад хамруулаагүй нь хачирхалтай.
ЖДҮХС-ГИЙН ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИН УНГАРЫН КОМПАНИД ОЛГОЖЭЭ
Холбогдох хууль, хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны А/25 дугаар тушаал нь хууль зөрчсөн байж болзошгүйг ч дүгнэжээ. Тухайлбал, уг тушаалаар зээлийг 10 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй олгохоор заасан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2 дахь хэсгийн “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох” гэснийг зөрчсөн гэнэ. Мөн уг тушаалыг гаргах болсон үндэслэлдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумд жилд 2.3 сая тн газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих зорилгоор арга хэмжээ авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан Засгийн газрын тогтоолыг удирдлага болгожээ. Уг тогтоолд “Үндэсний оролцоотой консорциумыг сонгох уралдаант шалгаруулалтыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулах” гэж заасан атал Аж үйлдвэрийн сайдын А/25 дугаар тушаалаар “Аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-д 1.8 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж аудитын дүгнэлт гаргасан ажлын хэсгийнхэн онцолсон байв.
Түүгээр ч зогсохгүй ЖДҮХС “Аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-тай гэрээ хийж, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажилд зориулж, олгохоор тусгасан хүүгүй, барьцаагүй 1.8 тэрбум төгрөгийн зээлийг Говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан Унгарын “Евройл” компанийн ажлын хөлсөнд шилжүүлсэн ноцтой үйлдэл гаргасныг өнөөдөр хэн ч ярихгүй, сөхөхгүй байгаа нь хачирхалтай.
Бэлтгэсэн: Г.Равжаа