Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.
Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байгаа.
ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна.
Гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга билээ. Ард иргэд та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, гурав, дөрөв дүгээр сард Монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй" гэдгийг хэллээ.