11.00 цагийн хуралд орохын өмнө
Дэлхий дахинд түгсэн цар тахалтай бид нүүр тулсан учраас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Халдварыг цааш түгээхгүйн тулд салбар, салбарын голлох мэргэжилтэн, алба хаагчид унтах цагаа умартан ажиллаж байгаа. Тэдний дотроос ЭМЯ-ныхан бидний тавьсан саналыг цааргалалгүй хүлээж авсан учраас нэг өдрийнх нь ажлыг сурвалжиллаа.
07.00 цаг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах баг байгуулсан. Уг багт Төлөвлөлтийн, Хариу арга хэмжээний, Эрсдэлийн үеийн харилцаа холбооны, Санхүү, хөрөнгө оруулалтын зэрэг ажлын хэсгийнхэн бий бөгөөд тус тусын чиг үүрэгтэй. Тэд ихэвчлэн 06.00-07.00 цагт цугладаг аж. Эдгээр багийн тэргүүн эгнээнд Эрсдэлийн үеийн харилцаа холбооныхон буйг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Т.Амаржаргал хэлэв.
Төлөвлөлтийн хэлтсийнхэн шаардлагатай журам, түр заавар, албан даалгавар, бусад бичиг баримт боловсруулах чиглэлээр ажилладаг бол Хариу арга хэмжээний хэлтсийнхэн голомтыг цомхотгох, авч буй арга хэмжээнд зарцуулах нөөцийг хуваарилах зэргийг гүйцэтгэнэ. Харин Эрсдэлийн үеийн харилцаа холбооны хэлтсийнхэн олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах, хүн амын дунд тархсан ойлголт, судалгаанд залруулга хийх, нээлттэй утас ажиллуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж бэлтгэх, олон улсад хэрэгжүүлж буй арга хэмжээг судлах зэрэг үүрэг хүлээжээ.
Биднийг очиход эл хэлтсийнхэн дэлхийн аль улсад өвчний тохиолдол нэмж бүртгэгдсэн, ямар арга хэмжээ авч буй талаарх мэдээлэл цуглуулан, боловсруулж байлаа. Үүнийгээ 11.00 цагт хийх ээлжит хэвлэлийн бага хурлаас өмнө бэлэн болгох ёстой. Уг багийн судалгаа, шинжилгээнд суурилсан мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ДЭМБ-ын төлөөллүүд иргэдэд түгээж буйг бид эчнээ мэдэх болсон.
09.00 цаг. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн дээрх ажлын хэсгийнхнийг өрөөндөө дуудлаа. Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулсан талаараа дэд сайд танилцуулж, тус штабт Эрүүл мэндийн яамнаас гурван хүн томилогдсоныг дуулгав. Мөн тусгаарласан хүмүүсийг ажиглалтаас хэзээ, хэрхэн гаргах тухай хэлэлцлээ. Ийн ярилцаж байтал хандив өгөх гэсэн иргэд ирсэн талаар туслах ажилтан нь сануулахад, түр хүлээлгэхийг дэд сайд хүсээд, “Ирэх долоо хоногт ачаалал улам нэмэгдэнэ. Гадаадын оронд байгаа иргэдээ эх оронд нь авчрах учраас ажиглалтад авах байр, тэнд ажиллах эмч нарыг томилох шаардлагатай”-г хэллээ. Ажиглалтад авах боломжтой гэсэн байруудтай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал танилцсан аж. Мөн 50 хүн тутамд хоёр эмч ногдож байхаар зохицуулалт хийжээ.
Ингээд 11.00 цагаас хийх хэвлэлийн бага хуралдаа бэлтгэхээр яаравчиллаа, тэд. Эрсдэлийн үеийн харилцаа холбооны хэлтсийнхний бэлтгэсэн мэдээлэлтэй Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцав. Тэрбээр иргэдэд ташаа ойлгогдохоор мэдээлэл түгээхгүйн тулд үг, үсэг бүрээ нягталдаг юм байна.
Эрүүл мэндийн сайд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Тус хэлтсийн мэргэжилтэн Д.Гэрэлмаа “Давхардсан тоогоор 2700 гаруй дуудлага ирлээ. Өдөрт 200-300 орчим хуурамч дуудлага ирж байна. Зарим улсад вирусийн халдвар буурчээ” зэрэг мэдээллийг ахлагчдаа танилцуулав. Иргэдээс ирэх хуурамч дуудлага тэдэнд хүндрэл учруулдаг нь ойлгомжтой. Хуурамч дуудлага бүрийг нягтлах нь тэдний алтан цагаас хумсалж байгааг хэлэв. Үүний оронд зурган зөвлөмж боловсруулж, олон улсад болж буй үйл явдлыг шүүж, ямар арга хэмжээ авсан талаар судалгаа хийх шаардлагатай.
Энэ зуур ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү болон дохионы хэлмэрч ирлээ. Ойрын өдрүүдэд өөр хэлмэрч ажиллаж буйг иргэд анзаарсан нь лавтай. Тэгвэл “шинэ” хэлмэрчийг Б.Саранчимэг гэдэг. Нөхөр нь хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ хэлийг 30 гаруй жилийн өмнө сурч, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд 20 гаруй жил багшилжээ. Хэрхэн судлаач, докторант болсон талаар нь ч бид ярилцаж амжсангүй. Хэвлэлийн бага хурал эхэллээ. Энэ хооронд бусад багийнхан юуны талаар судалж буйг сонирхов. Хариу арга хэмжээний хэлтсийнхэн “Болгар Улсад халдвар огцом нэмэгдсэн учраас онц байдал зарлажээ. Европын орнуудаас зөвхөн Францад боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Бусад оронд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарлажээ” хэмээн ярилцаж суув. Манай улсад коронавирусийн халдвартай иргэн бүртгэгдсэнээс хойш авч буй арга хэмжээгээ илүү сайжруулж, франц иргэнтэй ямар нэг байдлаар ойр байсан, харилцсан хүмүүсийг олж, тусгаарлахад маш их хөдөлмөр зарцуулсан гэнэ. Одоо вирусийн тархалтыг газар авхуулахгүй байх нь хамгийн чухал. Хэрэв ойрын хавьтагч нарыг тусгаарлаж, ажиглаж чадахгүй бол бид хүнд байдалд орохыг тус багийн мэргэжилтэн онцолсон.
12.00 цаг. ДЭМБ-ын ажилтан өрөөнд орж ирээд “Бид 2009 оноос хойш эрүүл мэндийн салбарынхантай хамтарч байна. Халдварт өвчний үед ажиллах тогтолцоо бий болгохоор зүтгэсэн. Коронавирусийн халдвар бидний бэлэн байдлыг шалгах шиг боллоо. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол одоо ямар нөхцөл байдалтай байх магадлалтайг иргэд дүгнэх биз. Бид эрсдэлийн үеийн зэрэглэл гаргаж, цаашид хэн, юу хийх боломжтойг судалж байгаа. Өнгөрсөн хугацаанд юуг алдав, алдаагаа давтахгүйн тулд хэрхэн ажиллах ёстойг ч тооцоолдог” гэх зуур “Хурал эхэллээ” хэмээн түүнийг дуудлаа. Нэр, албан тушаалыг нь асуутал Ариунтуяа гэсээр одов.
14.00 цаг. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аж ахуйн нэгжүүдээс хүргүүлсэн хандивыг хүлээн авч байв. “Монос” группийн харьяа “Тимус фарм”-ын ажилтнууд утлагын аппарат, шинэ бүтээгдэхүүний дээжээсээ гардуулав. Хандив тусламж ирвэл аль эмнэлэг, албан байгууллага руу шилжүүлэх вэ гэдгийг санхүү хариуцсан ажилтан нь шуурхай шийдвэрлэдэг аж. Үүний хажуугаар санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ажилтнууд “Дэлхийн банкнаас 50-60 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхийг хүсэж байгаа. Тэд хэд хэдэн шаардлага тавьсан” гэдгийг сайдад уламжлах нь дуулдав.
14.30 цаг. Үдээс хойш л амсхийх цаг гарч ажлын хэсгийнхэн сая нэг цайллаа. Хооллох зуураа ч төлөвлөгөөнийхөө тухай ярилцсаар. Бидний эчнээ танил Д.Нарангэрэл “Зав гарвал өөрийнхөө хийсэн мэдээллийг сонсож, хэлээгүй үлдсэн, буруу ойлголт төрүүлэхээр хэлсэн үг, өгүүлбэр буйгаа нягталдаг. Сүүлийн үед өөрийгөө муугүй нэвтрүүлэгч болох юм байна гэж бодох болсон шүү” хэмээн хошигносон нь ажилдаа улайрсан хүмүүсийн анхаарлыг бага ч болов өөр тийш хандуулав. Энэ үеэр нэгэн мэргэжилтний утас дуугарлаа. Тэрбээр охиноо өвөө, эмээд нь үлдээсэн аж. Гартаа өргөс оруулсан учраас охин нь учиргүй уйлж, ээж рүүгээ залгажээ. Уг нь өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) охиных нь таван насны төрсөн өдөр аж. Урьдчилж бялуу захиалаад орон нутаг руу явуулахаар төлөвлөсөн ч зам хаасан учраас чадсангүй хэмээв. Онцгой үед ажиллаж байгаа албан хаагчид төдийгүй ар гэрийнхэнд нь ч амаргүй байгаад эргэлзсэнгүй.
15.30 цаг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй хэдхэн хором уулзахад “Бид цар тахлын дэгдэлтийн үед ажиллахын зэрэгцээ чиг үүргийнхээ хүрээнд бусад ажлаа ч хойшлуулаагүй. Тусгаарлагдсан хүмүүсийн халууныг хэмжих, лабораторийн шинжилгээ авах, гарахын өмнө давтан шинжилгээ хийх зэргээр боломжит бүхий л хувилбараар ажиллаж байгаа. Иргэд ариун цэврийг сахиж буй нь халдварт өвчин дэгдэхгүй байхад нөлөөтэй. Иргэдийн эрүүл мэндэд анхаарахын тулд 10 хүний бүрэлдэхүүнтэй 10 баг ажиллуулж байгаа. Тэд тусгаарлагдсан иргэдээс 30 асуулт асууж, судалгаа бөглүүлнэ, үзлэг, оношилгоо хийнэ. Энэ амархан мэт сонсогдож болох ч хариуцлагатай ажил. Ингэж байж бид ямар арга хэмжээ авах шаардлагатайгаа тодорхойлдог. Одоогоор тоног төхөөрөмж, хэрэгслийн хувьд асуудал байхгүй. Бусад оронд өвчтөнтэй ойрын хавьталд орсон иргэдээ тусгаарлаж чадаагүйгээс алдсан нь бидэнд туршлага боллоо. Одоо бид ийм иргэдээ хянаж, вирусийн халдварыг газар авахуулахгүй байх нь чухал. Цахимаар ташаа мэдээлэл их явж байгаа нь бидний ажлыг хүндрүүлж байна. Яг одоо нэмэлт ор гаргах шаардлагатай, эсэх талаар бусад салбарынхантай хэлэлцэх гэж байна” гэв. Энэ зуур “Жаргалант” олон улсын сургуулийн 3а ангийн сурагчид англи хэлээр захиа бичиж, Францын иргэнд уламжлахыг хүссэнийг туслах нь Д.Нямхүү даргад өглөө.
17.00 цаг. Иргэдэд түгээх зурвас боловсруулснаа Эрсдэлийн үеийн харилцаа холбооны хэлтсийнхэн Д.Нарангэрэл даргад танилцуулав. Сайд үүрэг болгосны дагуу энэ удаа “Мэдээлэлтэй, бэлэн, ухаалаг, эв нэгдэлтэй, эерэг байх”-ыг иргэдэд сануулах болжээ. Ингэж зурвас түгээхэд нэг ч төгрөг зарцуулдаггүй аж. Үүрэн холбооны операторууд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж буй юм байна. Энэ удаа ямар зурвас, зөвлөмж түгээх болсон талаар ЭМЯ-ны харьяа 16 агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад Д.Нарангэрэл танилцуулав. Мөн БНХАУ-д ямар арга хэмжээ авсан нь үр дүнтэй байсныг мэдээлж, уялдаагаа сайжруулахыг санууллаа.
19.00 цаг. Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалтай ярилцах завшаан тохиов. Тэрбээр “Нийт хүн амын дунд хэдэн хувь нь халдвар авах эрсдэлтэй вэ гэдгийг тооцож, тэднээс хэдэн хувь нь хүндрэх магадлалтайг судалсан. Үүнд үндэслэн хэдэн ор бэлдэх шаардлагатайгаа тооцсон. 1000 гаруй ор бэлдсэн. Мөн шаардлагатай үед АШУҮИС-ийн 1300 гаруй оюутан, 1840 резидент эмчийг дайчлахаар төлөвлөлөө. Эрсдэлт бүлгийнхэнд 40-өөс дээш насныхан хамрагдаж байсан бол жирэмсэн эмэгтэйчүүд мөн багтах болсон. Ийм эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлаж, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн эмч очиж үзлэг хийхээр зохицуулсан. Мөн эрүүл мэндийн салбарт 52 мянга гаруй ажилтныг хамгаалах хувцас хэрэглэл ашиглах сургалтад хамруулаад байна. Засгийн газраас 6.5 тэрбум төгрөг гаргасны хоёр тэрбумыг нь тоног төхөөрөмж, 1.5 тэрбумыг нь эм худалдан авахад зарцууллаа. БНХАУ-аас түргэвчилсэн оношлуур хандивласан. Одоогоор 500 хүнийг 1-2 сар эмчлэх хэрэгсэл, эм, тарианы нөөц бий. Бид өөрсдөө оношлуур үйлдвэрлэж чадахгүй ч богино хугацаанд худалдан авч чадсан. Монголд халдварын тархалт нэмэгдэхгүй байгааг иргэд оношлуурын чанартай холбон ойлгож байна. Үр дүнд эргэлзэх шаардлагагүй. Бид шинжилгээнийхээ хариуг Япон Улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч давхар хянаж байгаа” гэлээ. Тэрбээр уг салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай аж. Халдварт өвчний дэгдэлтийн үед иргэд ийм олноороо хандив өргөж байгаа нь тэдэнд хариуцлага хүлээлгэж буй хэрэг хэмээн тайлбарласан.
20.00 цаг. Монголд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын тухай танилцуулж буй Д.Гэрэлмаа
20.00 цаг. Олон улсад вирусийн тархалт ямар байгааг харуулдаг хяналтын самбар (мэргэжлийнхэн үүнийг dashboard гэж нэрлэдэг)-ыг Д.Гэрэлмаа эмч бидэнд танилцууллаа. Үүгээр Монгол Улсад халдвар авсан, ажиглалтад, тусгаарлалтад хэдэн хүн байгааг цаг алдалгүй хянах боломжтой аж. Өвчтөний аяллын маршрут, шинж тэмдэг, нас, хүйс нь ч харагдана. Уг мэдээллийг удахгүй цахим сүлжээнд байршуулах гэнэ.
22.00 цаг. Эрүүл мэндийн яамныхан ажилласаар. Тэд коронавирусийн халдвар гарсан орноос ирсэн хүмүүсийг ажиглалт, тусгаарлалтад авах түр журмын төслийг хэлэлцэн, батлах гэж байна. Тэдгээр иргэнийг хүлээж авах эмч нарыг уг журмын дагуу ажиллуулах аж. Төр, хувийн хэвшилд ажилладаг 25 эмч томилохоор төлөвлөжээ. Ажил ингээд дуусахгүй. Эрсдэлийн үеийн харилцаа холбооны багийнхан гэхэд өглөө танилцуулах мэдээллээ шүүж, яаралтай хэлэлцэх сэдвээ боловсруулж, богино хэмжээний бичлэг бэлтгэж, түгээхээр үлдлээ. Цахим сүлжээнд түгсэн сэтгэгдэл, иргэдийн айдас, түгшүүр ЭМЯ-ныханд хариуцлага алдах эрхгүйг нь өдөр бүр сануулдаг учраас ийн ажиллахаас өөр аргагүй аж. Олон цагаар ажиллалаа гэж гомдоллох эрхгүй тэд бурмаар биш, урмаар дутаж буй мэт.