Шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр мэдээлэл өгсөнөөс 24 цагийн дараа нийт 132 оронд нэмж 9 оронд бүртгэгдсэн. Казахстан, Судан, Кени зэрэг оронд нэмж бүртгэгдээд байна. Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах хандлагатай болж байгаа тул ДЭМБ-аас цар тахал Европ тивд шилжиж байгааг, илүү олон хүн хамрахыг анхааруулсан" гэлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: COVID 19-ийн 7,499 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 342 хүн нас барж, 4,955-д хүрлээ. Жерси, Сан Верснет, Куба зэрэг улсад халдвар шинээр бүртгэгдлээ.
ДЭМБ-аас Халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан. Иранд хамтарсан баг 3 дугаар сарын 11-нд очоод ажиллаж байна. БНСУ-д 110 халдвар нэмж бүртгэгдсэн нь голомтлон халдварласнаас хойших хамгийн бага тоонд орж байна.
Хятадаас гадна бусад улс орныг нэмснээс ч олон хүн Европ тивд бүртгэгдэж байгаа тул ДЭМБ-аас анхааруулж байна. Эрүүл мэндийн бусад асуудал байсаар байна. Эрүүл мэндийн ажилтнууд өнцөг булан бүрт цаг наргүй ажиллаж, баатарлаг үйлс бүтээж байна. Манай улсад үүсэхгүй гэж бодох нь ноцтой алдаа. Хятад, Солонгос, Япон, Сингапурын туршлага дэгдэлтийг хязгаарлаж болдгийг харуулж байна" гэж хэлэв.