Цэргийн аминд хүрсэн дарга нарыг бүлэглэж хэрэг үйлдээгүй гэж дүгнэв
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан, Орхон аймгийн харьяат байлдагч Б.А-ын аминд хүрсэн хэрэгт ял шийтгүүлсэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагч асан А.Энхбаяр, тус ротын I салааны механик жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа нарын өмгөөлөгч нар Улсын дээд шүүхэд хандсаны дагуу хэлэлцжээ. А.Энхбаяр, Р.Вандлхангаа нарын гурван өмгөөлөгч ялын зүйлчлэл тохироогүй хэмээн гомдол гаргасан аж. Тэдэнд холбогдох хэргийг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцэн ял шийтгэсэн билээ. А.Энхбаяр, Р.Вандлхангаа нараас гадна байлдагч П.Бадамсамбууг 2019 оны нэгдүгээр сарын 22-нд цаг бусаар амиа алдсан Б.А-ын үхэлд буруутган Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 10.6-1 дэх хэсгийн “Болгоомжгүйгээр хүний амь бүлэглэн хөнөөсөн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар талийгаачийг дэглэж, хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарыг жагсаалын талбай тойруулан гүйлгэх дүрмийн бус шийтгэл оноосны улмаас байлдагч Б.А-ын амийг болгоомжгүй хохироосон буруутайд тооцон А.Энхбаяр, Р.Вандлхангаа нарт 4-5 жил, П.Бадамсамбууд зургаан сар хорих ял шийтгэсэн юм.
Харин Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг өөрчилж, А.Энхбаярыг гурав, Р.Вандлхангааг гурван жил зургаан сар хорихоор болсон. Харин П.Бадамсамбууг ялаас чөлөөлж, нэн даруй сулласан билээ. Дээд шүүх уг хэргийг хэлэлцээд бүлэглэсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон ч ногдуулсан гурван жилийн ялыг нь хэвээр үлдээжээ.
О.Боргил найз бүсгүйнхээ оршуулгын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлжээ
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн О.Боргилд холбогдох хэргийг хэлэлцэж эхэлсэн ч түүний өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хурлыг тав хоног завсарлууллаа. Шүүгдэгч О.Боргил өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх нэгэн орон сууцын 13 дугаар давхрын цонхоор иргэн Ц унаж амиа алдсан хэрэгт буруутгагдсан юм. “ОБ пластик” компанийн захирлын хүү хэмээн хэрэг гарсны дараа хэвлэлээр зарласан түүнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 11.6-2-ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтай учруулсан”, 11.7-1.1 дэх хэсгийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Түүнийг буруутгасан үндэслэлүүдээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн шүүх хэрэгсэхгүй болгожээ. Харин түүнийг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн байна. Шүүх хурлын үеэр О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх санал гаргаж, шүүх хурлыг тав хоног завсарлуулах хүсэлт тавьжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэснийг шүүгч баримтлан хурлыг энэ сарын 16-ны 09.00 цаг хүртэл завсарлуулжээ. Ингэхдээ шүүгдэгч О.Боргилд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор болсон байна.