ЭМБ-аас Улаанбаатарын цагаар урд шөнө 00.25 цагт коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарсан цар тахал гарлаа хэмээн зарлав. Халдвар дэлхийн 117 оронд тархаад байна.
ЭМЯ-ийн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Хамгийн сүүлийнх нь 2009 онд томуугийн H1N1 вирусийн халдвар буюу гахайн томуу гарч байсан. Гэхдээ коронавирусийн халдварыг хяналтдаа авах боломжтойг улс орнуудын туршлага харуулж байна. Ирэх долоо хоногт тохиолдол болон нас баралт, халдвар тархах улс орнуудын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ үзэж байна. Улс орнууд шийдвэртэй хариу арга хэмжээ авахгүй байсаар халдварыг цар тахлын хэмжээнд хүргэлээ хэмээн ДЭМБ үзэж байна. 60-аас дээш насныхныг эрсдэл өндөртэй гэж байсан бол 40-өөс дээш насныхан эрсдэлт бүлэгт орлоо хэмээн зарлаж, энэ насныханд зориулсан шинэ зөвлөмж гаргаж байна" гэлээ.
ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ "Улсын хэмжээнд нийт 1248 хүн тусгаарлан ажиглалаа. Тусгаарлагдсан хүмүүсийн бие хэвийн, ямар нэг зовиургүй байгаа. Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэг гэр бүлийн хүн Өвөрмонголд айлд хөл хорионд байж байгаад, хорио цуцлагдахад эх орондоо ирсэн. Энэ гурван хүнийг тус боомтын нэг өрөөнд тусгаарлан, эмчийн хяналтад тусгаарлагдаж байна. Биеийн байдал хэвийн, халдварын шинж илрээгүй. Франц иргэний бие хүндэвтэр, тогтвортой байна. Эмчилгээ үргэлжилж байна. Өвчтөн ямар нэг гомдол санал гаргаагүй" гэж хэлэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 126 хүнээс халдвар илрээгүй. 3 сарын 10-нд 4 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан бөгөөд халдвар илрээгүй. 11-нд 8 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаад байна.
Франц иргэний давтан нарийн шинжилгээг өнөө өглөө авлаа. Өвчтөн сэтгэл санааны хувьд тогтворгүй, “Франц хүн Монголд халдвар тараалаа” гэж шуугиж байгаа хэмээн сэтгэл зовж, дефресстэй байгаа. Сэтгэл санаа тавгүй байх нь дархлааг унагаадаг, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тал дээр нь сэтгэл судлаач эмч ажиллаж, зөвлөгөө өгч байна" гэв.