Улсын онцгой комиссын 11 дэх хурал өнөөдөр боллоо. Иймд гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Онгоцны нислэг болон галт тэрэгний хуваарьтай шийдвэрүүд гаргасан. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ "Өнөөдөр 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор 06:00 цагийн байдлаар АТҮТ-өөс авсан мэдээллээр тухайн үед замд орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч явж байсан. Орон нутгаас нийслэлийн чиглэн 21 тээврийн хэрэгслээр 521 зорчигч явж байсан. Тэдгээр иргэнийг тухайн очих газарт нь хүргэх шийдвэрийг гаргасан. Харин түүнээс хойш хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
Дээрх хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэд болон Монголоос ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Харин ачаа тээвэр хэвийн явна" гэж хэлэв.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ "Францын иргэн 57 настай иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ талаар өнөөдөр 06:00 цагт УОК албан ёсоор мэдэгдсэн.
Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж гурваас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа" гэлээ.