Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Жузеппе Конте коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор орон даяар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолд гарын үсэг зуржээ. TASS агентлагийн мэдээлж буйгаар тогтоолд ажлын юмуу гэр бүлийн шалтгаанаар, түүнчлэн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед хөдөлгөөнд хориг тавьж байгаа аж. Түүнчлэн спортын бүх уралдаан тэмцээн, тэр дундаа хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зогсоожээ. Олимпын наадам болон олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээнүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд ил гадаа бэлтгэл хийхийг зөвшөөрсөн байна. Мөн бүх үзвэр үйлчилгээний газруудыг хаахаас гадна худалдааны төвүүдийн үйл ажиллагаа, зоогийн газрууд, олон нийт үйлчлүүлдэг хоолны цэгүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа аж. Одоогийн байдлаар Италид коронавирусээр халдварласан хүний тоо 9000 давсан бол 700 хүн эмчлэгдсэн байна. Харин нас барсан хүний тоо 463 хүрчээ.