Зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүд COVID-19-ийн улмаас гадаадад хагалгаанд орох боломжгүй болсон талаар иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймгийн Орхон туулын Рашаант тосгоны иргэн В.Урантуяа хэлэхдээ "Миний хүү Т.Бэлэгт 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр хоёр ихэр хүүгийн нэг болмж мэндэлсэн. Хүү минь трөрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй юм.
Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байдалтай байгаа юм. Хэрэв хагалгаанд орвол 95 хувь эдгэрэх боломжтой.
Бид 2020 оны хоёрдугаар сарын 04-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий даяар тархаж буй коронавирусын халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Иймд бидэнтэй адил шалтгаантай олон хүүхдийн асуудлыг холбогдох байгууллагууд нь нааштайгаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч энэ хэвлэлийн хурал хийж байгаа юм. ЭХЭМҮТ-д яг ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй олон хүүхэд бий.
Бидний хувьд, Турк юм уу Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэг болж байгаа тул бид санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Энэ асуудлын талаар Эрүүл мэндийн яаманд хадсан боловч одоогийн байдлаар наашдаа хариу хэлээгүй. Тиймээс сайхан сэтгэлт ард түмэндээ хандаж, бидэнд туслаач хэмээн гуйж байна. Бяцхан хүүгийн минь зүрхийг аврахад туслаач" гэлээ.
Хүү Т.Бэлэгт 1 настай. Ээж В.Урантуяа. Утас: 80805061
Хандивын данс: ХААН БАНК 5052016162
Мөн Дархан-Уул аймгийн иргэн М.Янжиндулам хэлэхдээ "Миний охин Б.Аззаяа 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн, одоо 10 сартай. Охин маань төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг, ховдол хоорондын цоорхой 0.8 см, том цоорхойтой. Тосгуур хоорондын таславч зуйван, цонх хаагдаагүй, зүүн ховдол томорсон, уушгины артерын даралттай, зүрх нь томорсон, гол судас нарийсэлтэй гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа юм. Одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/-д Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Охины маань биеийн байдал одоо маш хүнд байна. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн учраас мөн гадагшаа явж хагалгаанд орох боломжийг л ганц найдвар гэж бодож байна. БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусын тархалтын улмаас явж чадсангүй.
Энэтхэг, Турк улсын аль нэгэн рүү явж хагалгаа хийлгэх боломжтой байгаа боловч хөдөөгийн улс бидэнд санхүү мөнгөний хувьд хүндрэлтэй тусч байна. Иймд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй эдгээр нялх нярай хүүхдүүдэд мэдэх чадах бүхнээрээ туслаач гэж гуйж байна. Мөн сайхан сэтгэлт ард түмэн минь бидэнд хандивын аян зохион байгуулж өгч тус болооч. Хүн болох гээд гараад ирсэн охины минь амь насыг авраач гэж гуйж байна" гэж хэлэв.
Охин Б.Аззаяа, 10 сартай. Ээж М.Янжиндулам, Утас: 85315685
Хандивын данс: 5088158628