Шинэ төрлийн коронавирусийн (“Covid-19”) эсрэг улсаараа хөдөлж байна. Ерөнхий сайд томууны эсрэг ажиллаж, Ерөнхийлөгч үгээ хэлж харагдана. Олон түмний хэлдэгчлэн “дайнд хөөрсөн муу эр”-ийн үлгэр гаргагчид ч байна. Хэрэгтэй газар гарч ирээд хэрэгтэй юм хийж байгаа нь ч харагдана. Ялангуяа хариу нэхэлгүй өмнөхөө хийгээд яваа олон зуун эмч, сувилагч, эмзүйч нар, анагаахын чиглэлийн оюутнууд, хил, гаалийнхнаараа бахархууштай.
Дэлхий дахин нэгэн зүйл коронавирусийн гамшигтай тулж байна. Харин монголчууд хоёр төрлийн тахалтай тулж байгаа нь давхар гамшиг гэлтэй. Эхнийх нь мэдээж “Covid-19”. Нөгөөх нь манай төрд нүүрлэсэн чадамжгүйн вирус. Эхнийх нь хүнийг өвдүүлж, үхүүлж байгаа бол хоёр дахь вирус нь түүнтэй тэмцэх, хүн амаа хамгаалах боломжийг сүйдэлж буй. Иймээс төрийн эрүүл мэндийн асуудал яригдаад байгаа юм. Миний хувийн таамгаар бол “гай газар дороос” гэгчээр томуугийн давтамж, цар хүрээ нэмэгдээд, цаашид өсөх хандлагатай байх шиг. Ийм нөхцөлд нэг удаа гал унтраах аргаар хол явахгүй. Харин бэлэн байдлын ерөнхий шийдэлтэй болж, түүнийгээ тодотгоод явмаар санагдана. Өөрөөр хэлбэл, “Covid-19” мэтийн “гэнэтийн гамшиг”-ийг давтагддаг ханиад, хатгаатай адилтгахын оронд үндэсний эв нэгдэл, чадамжийн шалгуур болгомоор байгаа юм. Улс үндэстний эв нэгдэл, нягтрал, эдийн засгийн чадавх, төр, засгийн чадамжаа сорин дүгнэж, шуурхай зохион байгуулах чадвараа дээшлүүлэх арга зам болгоно гэсэн үг. Энэ дотор олон түмнээс төрдөө итгэх итгэл, улс төр, нийгмийн харилцааны соёл, иргэдийн эх оронч байдлын илэрхийлэл гэж цогцоор нь тодорхойлж, цогц шийдэл бүхий үйл ажиллагаа өрнүүлэх ёстой юм. Юуны өмнө Монгол Улсын аюулгүй байдлын зааг, хил хязгаарыг олж харах, тогтоон ойлгуулах ёстой. Бид далайд гарцгүй, бас хоёрхон хөрштэй улс. Иймд гадаад ертөнцтэй биет харилцаа өрнүүлэх үүд хаалга нь Берлин, Бээжин, Москва, Истанбул, Сөүл, Токио гээд агаарын харилцааны боомтууд. “Covid-19” мэт хижиг, томуугийн дэгдэлтийн үед Монголын аюулгүй байдлыг хангах хориглолтын алсын бүс нь эдгээр гэж ойлгож болно. Тиймээс эдгээр улс оронд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин, чадлынхаа хэрээр туслах ёстой. Манай зарим эмч халдварын голомтод очиж туслах санаачилга гаргасан нь маш зөв. Даанч Засгийн газрын түшмэд тэднээр тохуурхан даажигнаж байсан нь харамсалтай. Төрийн түшмэдийн харанхуй бүдүүлэг, мэдлэг боловсролгүй, бүхнийг улс төрийн пиар, эсвэл ашиг хонжооны сурвалж болгож хардаг явдал нь манай төрийн “Covid-19” болоод байна. Төрийн албанд “цүнх барих” дамжаа дүүргэсэн этгээдүүд шургалсан нь уг тахлыг тараагч коронавирус нь гэлтэй. Энэ утгаараа монголчууд хоёр давхар вирустэй тэмцэх, хамгаалах хэрэгтэй болов.
2003 онд дэгдсэн SARS-ын үед хуримтлуулсан туршлага сургамж байх ёстой, тэр үед ажил гардан хариуцаж байсан хүмүүс байгаа. Тэднийг ашиглах учиртай. Ингэхийн тулд төрийн институциональ ой санамж үсрээд хоёр жилээс хэтрэхгүй болсныг яаралтай засаж, залруулах нь төрийн албаны шинэчлэлийн нэг чиглэл гарцаагүй мөн. Асуудлыг зөвхөн тухайн нэг тохиолдлын хүрээнд (халдвар, ханиад мэтийн) ойлгож болохгүй шалтгаан нь холбоо хэлхээс, харилцан хамаарал түгээмэл болсон өнөө үеийн шинжээс ургаж байна. Тиймээс ч “Covid-19” нь нийгэм, сэтгэл зүй, улс төр, эдийн засаг, тэр ч байтугай аюулгүй байдлын шинж агуулгатай, асуудлыг өргөн утга, цогцоор авч үзэх бодит шаардлага тавьж байгаа юм.
“Гай газар дороос” гэгчээр хаанаас юу, ямар гай зовлон нэрвэхийг урьдчилан хэлэх, таах аргагүй нөхцөлд төр, засаг, иргэд, бизнес, нийтийн чанартай нэгжүүд харилцан уялдаатай ажиллах бэлэн төлөвлөгөөтэй байх шаардлага юуны өмнө гарлаа. Наанадаж газар хөдлөлтийн үед яах талаар хийсэн зарим нэг сургуулилалтыг эс тооцвол бэлэн байдлын төлөвлөгөө бэлэн биш байна. Аливаа гай гамшиг дагасан цуурхал, паник, санаатай, санамсаргүй турхирсан үйлдэл хэр газар авах нь төр, засгийн шуурхай, ил тод, үр дүнтэй үйлдлээс шууд хамааралтай бөгөөд төрд итгэх итгэлээс үүдэлтэй юм. Төрд итгэх итгэл нь хоосон уриа лоозон бус, төр, засаг цагийн байдлыг хэрхэн үнэлж байгаа, бодит байдлын талаар иргэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа, ил тод үйлдлийг дээшлүүлсэн, бүх талын дэмжлэг хүлээсэн цогц арга хэмжээ болох ёстой.
“Covid-19” мэтийн дайрлагаас хамгаалах аюулгүй байдлын үндсэн бүс нь Монгол Улсын нутаг дэвсгэр, нийгмийн чанар, зохион байгуулалтын чансаа, иргэд, олон нийтийн сэтгэл зүй, төрийн болон эдийн засгийн чадамж гэх мэт хамруулан авч үзэхдээ аюулгүй байдал гэдгийг газар нутгийн халдашгүй байдал гэхээсээ, иргэдийнхээ эрүүл бие, саруул ухааныг тэтгэх цогц бодлого, эрхийнхээ ард бусдын өмнө хариуцлага хүлээх ёс зарчмыг хэвшүүлэх зэрэг хүнийг төвд товойлгон ойлгодог болоод нэлээд удаж буйг сануулахад илүүдэхгүй байх. Нийгмийн чиглэлд багтах энгийн жишээ гэхэд л ариун цэвэр сахих, гараа савандаж угаах, амны хаалт зүүх, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх, сэжигтэй бол эмнэлэгт хандах, амны хаалт үйлдвэрлэх, тараахад иргэний нийгэм, ТББ, сайн дурынхныг татан оролцуулах байж болно. Усаар зайлахаа гараа угааж буй мэтээр ойлгож байгаа нөхцөлд үр дүн гарахгүй. Гараа заавал савандаж угаах ёстой юм билээ. Гар, нүүрний алчуур, аяга шаазангийн алчуураа тогтмол ариутгах, солих шаардлагатай аж. Гэтэл савангаа авч дийлэхгүй айл олон байгаа шүү дээ. Ёстой үнэгүй юм тараадаг бол эмзэг бүлгийнхэнд саван, алчуур тараах нь үр дүнтэй байх. Хамгийн гол нь нийгмийн уур амьсгалд ямарваа нэг үзэн ядалт гаргахгүй байхад анхаарна. Төр, засаг иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалах, иргэнээ эрүүл саруул байх эрхийг бталгаажуулах үүрэгтэй бөгөөд “Covid-19” бол эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруул гэсэн ноцтой анхааруулга.
Дараагийн нэг чухал сорилт бол иргэдээ эрүүл биетэй байлгахаас гадна саруул ухаантай буюу ямар ч нөхцөлд, хүнд хэцүү сорилтыг хамтдаа даван туулах чадамжтай болгон сурган хэвшүүлэх. Та бид махан биеэ эрүүл байлгах чадамжтай болж суралцсан бил үү. Улам бүр эх байгалиасаа тасарч, тэр хэрээр өөрийн биеийн дархлаагаа муутган, учир утгагүй тансагласан хэрэглээ, эдийг шүтсэн, түүгээрээ өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдсэн, тансаг хэрэглээ, эдийг олох аргаа эрх мэдэл гэж харсан харанхуй хүмүүс иргэдийн олонх нь болсон бус уу гэхээр “ард түмнээ дорд үзсэн гэдэг нэр хоч” авчих гээд байдаг.
Ийм нийгэмд бид амьдарч байгаа болохоор монголчууд хоёр давхар вирустэй тэмцэх, хамгаалах хэрэгтэй болчихоод байгаа юм.
Ард иргэдээ гэгээрүүлэх, эрүүл биедээ хэрхэн саруул ухааныг бий болгон, хамтдаа дасан зохицож, тасралтгүй хөгжих чадамжийг бий болгох арга зүйг бэлэн болгох чиглэлд холбогдох судалгааны байгууллага, төр ач холбогдол өгөх цаг болжээ. Жишээ нь, хамгийн аюулгүй орчин байх ёстой сургууль, цэцэрлэг хамгийн түрүүнд хаагдаж байгаа нь аргагүй мэт боловч хууль зүйн яамны тансаглалдаа зарсан мөнгөөр бараг бүх сургуулийн үүдээр ороход халуун хэмждэг багаж суурилуулсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Сайдын өрөөний тохижилт уу, сургуулиудад халуун хэмжигч багаж уу гэж хардаг, боддог, сэтгэдэг төрийн түшээ дутаад байна шүү дээ. Танхимын хичээлээс өөрцгүй теле хичээл зааж олон нийтэд шүүмжлүүлж байгаа ч дурдаад үзье. Уг нь технологийн дижитал ертөнц, суралцагч өөрөө суралцдаг виртуал хэлбэр аль хэдийн бий болсон, түүнийг олж харах оюуны чадамж манай төр, засагт дутагдаж байна. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо эргэн харахыг энэхүү “Covid-19” сорилт болгон тулгаж байна. Төр, засаг нь хүнд хэцүү эрсдэлтэй үед нь хамгаалж, өөрийн шударга хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулан сэтгэл амар, сайхан амьдрах боломжийг олгодог бол уг нь сар шинээр цай идээнийхээ дээжийг өргөж байх учиртай. Иргэд олон нийтийн сэтгэл зүйн хамгаалалт, бэлтгэл хамгийн чухал. Өвчин, гай гамшгийг эс тоомсорлон, намайг дайрахгүй гэж боддогоо иргэн бид өөрчлөх нь чухал. Өөдрөг, цуурхалд автахгүй байх, өвчин туссан бол айхгүй, нийгэмд айдас төрүүлэхгүй, эелдэг найрсаг байх зэрэг нь аюулгүй байдлыг хангах нэг чиглэл мөн.
“Энэ төр, засаг чинь айдас хүйдэс, төрийн сүрдүүлгээр өөрсдийн чадваргүй, чадамжгүйгээ нууж байна” гэсэн яриа оргүй гэж үү? Айдас хүний үйл хөдлөлийг огцом эргүүлдэгээс гадна тун хорлонтой хүлээлт үүсгэдэг гэдгийг эрхбиш мэдэж байгаа хүмүүс төрд бий байх. Миний харж байгаагаар сэтгэл зүйн хамгаалалт, аюулгүй байдлын хориглолт байхгүйгээр “Covid-19”-тэй нүүр туллаа. Түүний нэг илрэл нь дижитал ертөнцийн боломж, аюул юм аа. Зурагт, радио, сонин хэвлэл, сошиал медиаг дайчлах, чиглүүлэх, үнэн зөв мэдээллээр тасралтгүй хангахаас гадна сошиал медиагаар цацагдаж, сэвж байгаа мэдээнд иргэд шүүмжлэлтэй хандаж сурах нь чухал. Тийм цуурхалд лайк, ретвит хийхгүй байхыг уриалах ба албан ёсны мэдээллийг түгээлцэх, дэмжихэд иргэдийг татан оруулах арга хэлбэрээ олох хэрэгтэй. Ерөнхийдөө иргэддээ монгол хүний саруул ухаан гаргахыг цахим ертөнцөөр илүүтэй түгээн, соён гэгээрүүлэх ажил илтэд дутагдаж байна. Асуудал үүсвэл хаана, хэнд хандах, тусламж авах хамгийн ойр газар хаана байгаа зэргийг иргэдэд хүргэхдээ дижитал бололцоог дүүрэн ашиглах чиглэлд иргэний хамгаалал, онцгой байдал хариуцсан байгууллагууд бүтээлч, санаачилгатай байгаасай гэж хүлээж байна.
“COVID-19” БА ЭДИЙН ЗАСАГ
“Covid-19” ба эдийн засаг гэж асуудал бий. Хятад улсад дэлхийн эдийн засгийн 16 хувь ногддог (2003 онд дөрөв хүрэхгүй хувь байсан) бөгөөд юм муугаар эргэвэл хил залгаа байтугай дэлхийн эдийн засагт доргилт үүсгэх нь ойлгомжтой. Энэ оны эхний сарын байдлаар зэс, нүүрсний (1/3-ээр буурсан) эрэлт хумигдаж байна. Хоёрдугаар сар гараад манай экспорт бүр зогслоо. Төмөр замтай байсан бол гэж халаглаж байгаа нь ч дуулдана. Ямар ч болсон төсвийн орлого хүндрэх нь тодорхой. Түрээсийн төлбөртөө барьцаалагдсан жижиг бизнес, худалдаа, гуанз, ресторан, зочид буудал, такси, театрууд гэх мэт үйлчилгээний газрынхан хүнд байдалд орно. Энд л ажлын байрны ихэнх нь байгаа. Асуудлаа шийдэхэд нь төрөөс маш тодорхой, хүртээмжтэй, хүрэлцэхүйц дэмжлэг нэн даруй авч эхлэх цаг болсон. Бүрмөсөн нурахаас нь өмнө торгоож байхгүй бол нийгмийн дургүйцэл эсэргүүцэл дэгдэх аюултай.
Энэ утгаараа сангийн бодлого, нэн ялангуяа татвар, даатгал, шимтгэл хураамж, татаас, төрөл бүрийн үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг ашиглан эдийн засгийн өсөлтийг унтраахгүй байх, болзошгүй сөрөг үр дагаврыг амдан зогсоох шаардлагатай. Мөнгөний бодлого ч гэсэн арилжааны банкуудаар дамжуулан бизнесийг дэмжих үүрэгтэй бөгөөд валютын ханшийн бодлого ч хоцрох учиргүй бөгөөд зөв хэрэглэж чадвал хямралын эсрэг багцын нэн чухал хэрэгсэл болно. Төсвийн тодотгол хийвэл эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, тодруулбал, онлайн арилжаа худалдаа, хүргэлт ложистик, цахим орчны тэлэлт, гүнзгийрэлт, дата, takeaway зэрэг бизнесийн шинэ загвар цаашилбал, глобал зах зээлд өрнөж буй ажиллах хүч, валют, үйлдвэрлэл үйлчилгээний техник, технологийн нүүлгэн шилжүүлэлт, хөрөнгө оруулалтын хөдөлгөөнийг Монгол Улсад ашигтайгаар татах зэрэг асуудлыг давхар харж гүйцэтгэх учиртай.
Албан бус гэх тодотголтой, ёстой бор зүрхээрээ төр, засгаас ажлын байр, халамж нэхэлгүй гэр бүлээ авч яваа мянга мянган иргэнд хамгийн хүнд сорилт ирнэ, хамгааллаа ч нэхэж гуйх нь дамжиггүй. Уг нь дижитал эдийн засаг хүссэн хүсээгүй нэвтрээд эхэлсэн. Үүнийг дэмжих бүтцийг буй болгоход чиглэсэн өөрчлөлт хийн, гэр орноосоо ажил бизнесээ эрхлэн амьдралаа залгуулах шинэ боломж олгоход 1072 хувьцааны ногдол ашгийг зарцуулах боломж байлаа. Гэвч бас л улс төрийн зорилгоор тараах бололтой. Нөгөө талаас энэ хүнд нөхцөлд бизнесийн зээл тэглэх, НӨАТ багасгах, нийгмийн даатгалын төлбөрийг хасах, хойшлуулах, шууд татаас өгөх зэрэг олон санаа гарч ирж байгаа бөгөөд илт турхирсан, өдөөн хатгасан популист уриалга газар авах шинжтэй. Нэг бужигнаад эхэлбэл юу болохыг таамаглах аргагүй. Ийм нөхцөлд эдийн засгаа тогтворжуулан бизнесээ дэмжих, үе шаттай хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбартай байх, асуудлыг хяналтдаа байлгаж, нэг толгойтой, юуг яаж хийхээ Засгийн газар мэдэж байгаа гэсэн итгэл, хүлээлт амин чухал болно. Эдийн засгийн шийдвэр нь аюулгүй байдлынх байдаг нь XXI зууны бодит байдал гэдгийг санахад илүүдэхгүй.
Төгсгөлд нь “Covid-19” аюул, гай гамшиг боловч асуудлыг орон зай, цаг хугацаанд цогцоор нь харж, аюул заналыг дотоод зөрчил асуудлаа шийдэх хэрэгсэл болгон хүндрэлийг давж чадна, чадах ч үүрэгтэй. Энэ үүрэг нь Засгийн газар болон иргэн та бидэнд шууд болон тойруу замаар ногдож буйг онцолмоор байна.
Р.Амаржаргал (Ерөнхий сайд асан)