Эрүүл мэндий яамнаас COVID-19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн талаар
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлхдээ "Дэлхийн 76 оронд ковид-19 халдвар бүртгэгдлээ. Польш улс 6 сар хэрэгжих Ковид-19 халдварын үед арга хэмжээний тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж, өвчлөл гарсан 76 орноор манай улсын иргэд зорчихгүй байхыг анхааруулж байна" гэв.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэхдээ "Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ. БНХАУ-д дэгдэлт хязгаарлагдаж, буурсаар байна. Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа. Дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байна" гэлээ.