Олны анхаарал татсан, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч, борлуулагчдад холбогдох хэд хэдэн хэргийг шүүхүүд хянаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд “37 дугаар точка” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн, “Чингисийн хүүхдүүд”, “Өвлийн тууж” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон Б.Батмэндийг мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаад харьяалах шүүхэд нь шилжүүлжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн нутгаас өнгөрсөн нэгдүгээр сард баригдсан аж. Мөн сэлэм барьж олон нийтийн газар танхайрсан С.Бямбацогт болон А.Одмөнх, Н.Мөнх-Учрал нарт холбогдох, мансууруулах бодис хадгалсан, хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, худал мэдүүлэг өгсөн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон ч энэ сарын 13 хүртэл хойшлуулжээ. 2017 оны арваннэгдүгээр сараас хойш гурван жил болоход дээрх хүмүүст холбогдох хэргийг шүүх шийдвэрлэж чадаагүй байгаа юм.
Түүнчлэн ди жэй Стив гэх нэрээр нь хөгжим сонирхогчид таньдаг, Британийн иргэн Стивен Жэймс РичфилдУайт нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад буй. “Рояал” академи, “The english school of Mongolia” олон улсын дунд сургуульд багшилж байсан түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жил хорих ял оноосон билээ. Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, тэднээс хар тамхи авч борлуулдаг манай улсын иргэн У.Ариунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, хурлыг нь пүрэв гарагт хийхээр товложээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Адекола Олавасен Азийзэд зургаа, Анози Парлингтон Дон болон У.Ариунзул нарт гурван жил хорих ял шийтгэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Бэлтэгэсэн: Д.Дайчин