Гар бол нян хадгалагч, дамжуулагч мөн. Хүний биед өвчин үүсгэж байгаа нян, бичил биетийн 90 орчим хувь нь бохир гараар дамждаг. Бидний дунд элбэг тохиолдог вируст гепатит А, Е, цусан суулга, вирусний гаралтай суулгат халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг. Мөн хүний томуугийн болон вирусний шинэ халдваруудаас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал юм.
БОХИР ГАРЫН АРЬСАНД НЯН ХЭР УДААН АМЬДАРДАГ ВЭ
Бохир гар нь нян вирусний амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95 хувь нь хумсны завсарт байдаг байна. Өвчин үүсгэгч нянгийн 90 хувь нь бохир гарт байдаг. Бохир гарт цусан суулга өвчний үүсгэгч 3 хоног, балнад өвчний үүсгэгч 2-3 өдөр, халдварт шар өвчний үүсгэгч олон хоног, цагаан хорхойн өндөг хэдэн хоногоор ч амьд байж чаддаг аж.
ГАРАА ХЭДИЙД УГААХ ЁСТОЙ ВЭ
· Бие зассаны дараа
· Хооллох болон хоол, ундаа бэлтгэхийн өмнө
· Гадуур явж ирэнгүүтээ
· Бага насны хүүхдээ хуурайлж арчилсны дараа
· Ямар нэгэн цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа
Эмч мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угаахыг зөвлөж байна.