Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар коронавирусийн халдварын 73331 тохиолдол бүртгэгдэж 1872 нас баралт бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэлэхдээ "БНХАУ-аас гадна 25 оронд халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 86 хувь нь 30-79 насныхан эзэлж 80.9 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрсэн байна. Халдварын оргил үеийг хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа гэж үзэж цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт дахин гарах магадлалтай байгаа тул БНХАУ-д энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байгаа" гэв.
ЭМЯ-ны Эм, эмийн зөвлөлийн гишүүн, доктор Энхжаргал хэлэхдээ "Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах эсэх талаар судалгааг 70 хүнд туршиж байна. БНХАУ-д хийж буй туршилтаар үүдэл эсийг ашиглах судалгааг хийж байна. ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх байгууллагаас протоколийг шинэчлэн гаргаж байна" гэлээ.
ДЭМБ-аас эмчилгээний зөвлөмжийг таван удаа шинэчилж гаргасан бөгөөд тухай бүрд нь манай ЭМЯ зөвлөмжийг хэрэгжүүлэн эмч, мэргэжилтнүүддээ хүргэж байгаа юм.
Вакцины тухайд дөрвөн улсад шинжилгээ судалгааны ажлыг хийж буй бөгөөд 6-8 сарын дараа гарах төлөвтэй байгаа юм.
Тусгаарлагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна.