ДЭМБ-аас эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, эмч, мэргэжилтнүүдийг халдвараас сэргийлэх зорилгоор хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, N95 стандартын болон нэг удаагийн амны хаалт зэрэг хувийн хамгаалах хэрэгслийн иж бүрдэл нийлүүллээ.
“Улсын хилийг тойроод шинэ вирусийн халдвар бүртгэгдээгүй бүс нутаг алга. Өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг ард иргэдэд өдөр бүр өгсөөр байхад л халдвар гарсан улс, орнууд руу аялсаар буй юм. Өнгөрсөн сарын 23-наас хойш 55 иргэн халдвар дэгдсэн болон бүртгэгдсэн улсад зорчжээ. Тэгэхдээ бүгд шахам ханиаж, халуурсан байдалтай ирэх жишээтэй. Баян-Өлгийн иргэн халдвар бүртгэгдсэн улсад аялж, Замын-Үүд боомтоор буцаж нэвтрэхдээ галт тэргэнд явсан 109 хүнтэй ойрын хавьталд орсон тул бүгдийг нь тусгаарлан, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна. Нэг хүнээс болж 109 хүн хорионд орж, мэргэжлийн олон баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Эрүүл мэндийн шалтгаантай, хойшлуулшгүй ажилтай биш бол ганцхан сар тэвчээд, гадаад бүү яваарай” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхаарууллаа. Түүнчлэн халдварын цар хүрээ тэлэх хэрээр манайд өвчний сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдсээр байгааг хэлсэн.
Гашуунсухайт боомтод тусгаарласан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч халдвар бүртгэгдсэн бүс нутгаас ирсэн тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тэднийг 14 хоног хөл хорих болжээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гашуунсухайт боомтод тусгаарласан 12 хүнтэй хамт хилээр орж ирсэн 15 хүнийг мөн хянаж байгаа. Коронавирусээр халдварласан байж болзошгүй хүн өдгөө Баян-Өлгийд нэг, Сүхбаатар аймаг, Замын-Үүд боомтод тус бүр хоёр байна. Мөн ХӨСҮТ, Сүхбаатар дүүрэгт тус бүр нэг, нийт долоон хүнийг тусгаарлан, шинжилж буй. Хөвсгөлийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Зарим хүн манай лабораторийн шинжилгээнд итгэхгүй, хариу нь худлаа мэтээр нийгмийн сүлжээнд турхирч байгаа нь анзаарагдлаа. ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторийн тоног төхөөрөмж, багаж, урвалж бодис бүгд АНУ, Японд ашигладаг, өндөр түвшнийх. Шинжилгээгээ ч олон улсад хянуулж, “тулгадаг”. Төв лаборатори шиг тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй дөрвөн салбар бий. 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн урмыг хугалсан иймэрхүү ташаа мэдээлэл бүү түгээгээч” хэмээн хүсэв.