Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар танилцуулав. Тус хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарь болон бэлтгэлтэй холбоотой тогтоолуудыг батлаад буй. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “14 журам, гурван маягт, зааврыг ирэх сард багтаан батална. Дөрөвдүгээр сард аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна. Нийт 340 орчим хороо байгуулах төлөвтэй байна. Сонгуулийн хэсгийн хороодыг тавдугаар сарын 10-наас өмнө байгуулах ёстой. Эдгээрт төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулах болов уу. Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарьт тусгаснаар сонгуульд оролцох нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 24-нөөс өмнө хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээр уламжлах ёстой. Бүртгэх, эсэхийг дөрөвдүгээр сарын 29- нөөс өмнө сонгуулийн төв байгууллага хуралдан, шийдвэрлэнэ. Оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагаа явуулна. Үүнийг намууд тавдугаар сарын 10-16-нд зохион байгуулах ёстой. Харин нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэнэ. Манай хороо бүртгэсэн нэр дэвшигчдэд санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр, ижил цагт үнэмлэхийг нь гардуулж өгөх үүрэгтэй. Сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ” гэв. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд нийт 2840 хүн нэр дэвшжээ. 2016 оны сонгуульд нийт 12 нам, гурван эвсэл оролцсон аж.
2012 оны сонгуулиар санал тоолох 2500 төхөөрөмж ашигласан. Тэдгээрийг нийт зургаан удаагийн сонгуульд ашиглаад буй юм. Энэ удаа ч ашиглана. Нэмэх шаардлагатай гэж үзвэл нийлүүлсэн компаниас нь авах боломжтойг тэрбээр тэмдэглэв.
Энэ удаагийн сонгуулийн зардалд УИХ 20 орчим тэрбум төгрөг баталжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвсэл болон нэр дэвшигчээс гаргах зардлын дээд хэмжээг төрийн аудитын дээд байгууллага ирэх сарын 1-нээс өмнө батлах ёстой. Зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран баталсан гэнэ.
Нам, эвсэл, нэр дэвшигчдийн цахим орчинд сурталчилгаа явуулахтай холбоотой хуулийн зохицуулалт маш тодорхой болсныг тэрбээр хэлж байлаа. Нэр дэвшигч болон намууд цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан, сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ ямар цахим хуудас ашиглахаа нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороондоо заавал мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Хэрэв бүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа явуулах боломжгүй гэнэ. Бүртгүүлсэн цахим хуудсаар явуулж байгаа сурталчилгааг албан ёсны сурталчилгаа гэж үзэх аж. Үүнтэй холбоотойгоор “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллах юм. Манайд 2.2 сая орчим фэйсбүүк хаяг байгаа бөгөөд тус компани баг гаргаж ажиллах сонирхлоо илэрхийлснийг тэд дэмжиж байгаа гэв. Сонгуулийн үеэр Монголд ажиллах “Фэйсбүүк” компанийн багийн төлөөлөл удахгүй ирж, уулзалт хийх юм байна. Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Фэйсбүүк” компанийн 30 орчим мянган хүн хуурамч хаягийг илрүүлж, устгаж ажилладаг юм билээ. Өнгөрсөн сард болсон Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус компани баг гаргаж ажилласан. Түүнтэй дүйх хэмжээний багийг Монголд ажиллуулахаа илэрхийлсэн. Фэйсбүүкийн хуурамч хаягийг тухайн компани тодорхойлно. Бид тодорхойлохгүй” хэмээсэн.
Сонгогчийн шилжилтийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас одоогоор тодорхой мэдээлэл ирүүлээгүйг тэрбээр дурдав.