- “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарсан гэх хэргээс Ерөнхий сайд асны үйлдлийг тусгаарлалаа -
Монгол төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдон АТГ-т гэрчээр ч, гэмтнээр ч дуудагдах болсон билээ. Хууль сахиулах байгууллагын ажлыг хүндэтгэж, зангиагаа засаж, гутлаа тослоод очих, хууль зөрчсөн үйлдэл байхгүй, айж, ичих зүйл ч алга, эмчлүүлж байгаа дүүгээ орхиж ирээд хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж, мэдүүлгээ өгөхөө мэдэгдсэн өндөр албан тушаалтнууд өнөөдөр харьд бүгчихээд ирэхгүй байгаа билээ.
ШҮҮГЧИЙН БУРУУГААС БОЛЖ Ч.САЙХАНБИЛЭГ ОРГОН ЗАЙЛЖЭЭ
Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдан, Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлахдаа хүрээд буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө монгол төрийнхөө хууль сахиулах байгууллагынхны эсрэг харийн өмгөөлөгч хөлсөлсөн тухай мэдээлэл цахим хуудсуудаар цацагдах болов. Бүр харь улсаас орогнол ч хүсэж эхэлсэн тухай мэдээлэл бий. АНУ орогнол олгохоос татгалзсан учраас Австри улсад хандсан хэмээн ярих хүн цөөнгүй байна.
Анх түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж эхлэх үед АНУ-д дүүгээ эмчлүүлж байгаа, удахгүй очно хэмээн бичсэн захидалдаа тэрбээр “Таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээсэн байдаг. Гэвч Ч.Сайханбилэг цагаан дээр хараар бичсэн захидал дахь мэдэгдлээсээ эрс зөрөн БНСУ-д эхнэрээ эмчлүүлэх нэрээр хүсэлт гаргаж хилийн хоригоо цуцлуулсан юм. Түүнийг АТГ-аас баривчилж, цагдан хорьж байгаад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан билээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх байдлаар хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан бөгөөд эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн юм. Харамсалтай нь, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хилийн хориг тавих саналыг хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болж өнөөг хүртэл ирэхгүй байгаа билээ. Улмаар цагдаагийн байгууллага түүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд Интерполд хандан саатуулах хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Интерполын гишүүн дэлхийн аль нэг орны хилээр Ч.Сайханбилэг орох юм уу, гарахад нь саатуулж, манайд хүлээлгэн өгч болзошгүй. Манайхан тухайн улсаас нь очиж авчрах байсан ч, эсвэл тэр орны хууль сахиулагчид авчирч өгөх зардлыг төрөөс буюу татвар төлөгч жирийн иргэд бидний улсдаа тушаасан, ирээдүйдээ оруулж буй хөрөнгөөс гаргаж төлөх юм. Төр уг нь буруутай албан тушаалтнаас учирсан хохирлоо гаргуулж авах заалттай ч тэр нь амьдралд хэрэгжихгүй учир Ч.Сайханбилэгт авсан хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг сэргээх хүсэлтийг үл ойшоосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч төлөхгүй биз. Уг нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмаа баривал дээрх шүүхийн шүүгчээс гаргуулах нь зүйд нийцэх билээ.
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛСНООР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ НЭЭГДЭНЭ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрүүгийн нэг бус хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд тэрбээр эрхээ хамгаалуулахаар “Amsterdam & Partners” хуулийн фирм хөлслөн өмгөөлүүлэх, тэр дундаа тус фирмийн хуульч Роберт Амстердам эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болсон тухай мэдээлэл хэд хоногийн өмнө цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав. Өөрийгөө гэм буруугүй хэмээж буй Ерөнхий сайд асан яагаад өндөр үнэтэй гадаадын хуулийн фирм хөлслөв гэдэг нь эрхгүй анхаарал татаж буй юм. Хамгийн багадаа нэг сая ам.доллароор үйлчилгээ авч байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Хуульч Роберт Амстердам “Миний үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгт холбогдуулсан хэрэг бол Засгийн газрын албан тушаалтнууд улс төрийн зорилгоор шүүгчдийг ашигласан жишээ юм. Ч.Сайханбилэг гэм буруугүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ дагуу уул уурхайн гэрээг ил тод хийсэн” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн тухай хэд хэдэн цахим хуудсанд мэдээлсэн.
Эрхээ хамгаалуулахаар Ч.Сайханбилэгийн хөлсөлсөн АНУ-ын хуулийн дээрх фирм Монгол Улсад ирээд үйл ажиллагаа явуулж болох, эсэхийг албаны хэд хэдэн хүнээс тодруулахад “Хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд зааснаар гадаадын тухайн фирм Монголд үйл ажиллагаа явуулах боломж одоогоор бүрдээгүй” гэсэн юм. Манай улсад үйл ажиллагаа явуулах хуульч хүн тодорхой шалгуур хангасан байх ёстой аж. Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1 дэх хэсэгт “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй” гэж заасан бол 9.2-т нь “Гадаад улсын хууль зүйн сургуулийг төгссөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох журмыг Хуульчдын холбоо батална” хэмээжээ. Улмаар хуульчийн шалгалтад орж тэнцэх, Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж, татвараа төлөх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, үргэлжилсэн сургалтад хамрагдан тодорхой багц цаг хангах, улмаар Улсын дээд шүүхэд хандан бүртгүүлж өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нээлгэх, монгол хэлээр ярьж бичдэг байх зэрэг шаардлага, шалгуур тавихаар хуульчилсан.
Ч.Сайханбилэг өмгөөлөгчөөрөө авсан хуульч Роберт Амстердам Хуульчдын холбооны гишүүнээр, түүний ажилладаг “Amsterdam & Partners” хуулийн фирм Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй учраас Ерөнхий сайд асанд үйлчлэхээр манайд ажиллах боломжгүй гэсэн үг. Хуульчийн шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг, хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард эрхзүйчдээс хуульчийн шалгалт авсан билээ. Эдгээрээс гадна өнгөрсөн оны аравдугаар сарын 18-нд УИХ-аар баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьчихаад буй Өмгөөллийн тухай хуулийн 30 дугаар зүйлд гадаад улсын өмгөөлөгч Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх талаар тусгасан бөгөөд “Хуульчийн шалгалтад тэнцэж, энэ хуульд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүн төрийн болон албаны нууцтай холбоотойгоос бусад асуудлаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно” гэжээ. Эдгээрээс дүгнэхэд Ч.Сайханбилэгийн хөлсөлсөн “Amsterdam & Partners” хуулийн фирмийнхэн одоогоор Монголд ажиллах боломжгүй нь. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3-1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж заасан учраас хуульч, өмгөөлөгч яалт ч үгүй монгол хэлтэй байх хэрэгтэй юм байна.
Зарим мэдээлэлд Ч.Сайханбилэгийг гадаадын аль нэг улсаас орогнол хүсэхэд дээрх хуулийн фирм эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа гэж буй. Хэрэв энэ нь үнэн бол Интерполын гишүүн бус орнууд руу хандах арга хэмжээ авах бололтой.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВИЙГ ХХБ-НЫХАНД ЗАРСАН ХЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДУУСАВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүний гаргасан шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж, хууль зөрчсөнийг ч тогтоогоод байгаа. Дээрх гэрээтэй холбоотой хэргээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон үйлдэлд ч яллагдагчаар тооцсон юм.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс” (Монголиан коппер корперейшн) ХХК 2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байж. Гэтэл “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн юм. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм.
Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад буюу “Монголын зэс” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг аль эрт Д.Эрдэнэбилэг эзэнтэй Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкныхны хөрөнгө оруулалттай “Монголын зэс”-д худалдах тохироогоо хийчихсэн байсан бололтой.
Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах, эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсээр байтал ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн аваагүй нь тогтоогдсон гэдэг.
Энэ мэт баримтад үндэслээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд түүнд холбогдох хэргийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хувьцааг хууль бусаар худалдан авсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор зэрэг хүмүүсийн үйлдлээс тусгаарлажээ. Учир нь Ерөнхий сайд асан хил давж оргон зайлсан учраас бусад холбогдогчийнх нь хэргийг шийдвэрлүүлэх үүднээс ийм арга хэмжээ авсан гэнэ. Улмаар Д.Эрдэнэбилэг, О.Орхон тэргүүтэй хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа