“Өдгөө өрнөж буй үйл явдлууд мөсөн уулын орой төдий байж мэднэ. Тиймээс сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус олон улсад анхааруулжээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар манайд бүртгэгдээгүй ч улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мэргэжлийн байгууллагууд хамтран коронавирусийн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, түүндээ тулгуурлан арга хэмжээ авч буй юм. Өчигдөр хийсэн дөрөв дэх удаагийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүн “авлаа”. Манай улстай хил залгаа бүс нутгуудад уг вирус тархсан учир ийн үнэлэгдэв. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд төр, засгаас ямар арга хэмжээ авч байгааг тоймлон хүргэе.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ноос хойш манай улсад коронавирусийн сэжигтэй 86 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд халдваргүйг тогтоосон. Тэдний 66 нь Буянт-Ухаа, тав нь Замын-Үүд, гурав нь Хавиргын боомтоор хил нэвтэрсэн юм байна. Үүнээс гадна уржигдар Гашуунсухайт боомтоор коронавирусээр халдварласан байж болзошгүй шинж тэмдэгтэй 12 хүн орж иржээ. Тэднийг тусгаарлан, шинжилгээний сорьц авч, ХӨСҮТ-д өгсөн аж. Хариу нь өнөөдөр гарах гэнэ.
Монгол иргэд урд хөрш рүү зорчихыг хориглосон шийдвэр Засгийн газраас гаргасан. Зайлшгүй шаардлагатай бол Улсын онцгой комисс (УОК)-оос зөвшөөрөл авч тус улсыг зорих боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Бид хилийн 26 боомтоос мэдээлэл авч байна. Хамгийн ачаалалтай нь Замын-Үүд, Буянт-Ухаа. Монгол Улсын иргэд дипломат ажлын шугам болон эрүүл мэндийн шалтгаанаар БНХАУ руу явах боломжтой. Гэвч иргэд тус улсын эмнэлгүүдэд хандах, эсэхээ сайтар бодоорой. Урд хөршийн эмнэлгүүд нэлээд ачаалалтай ажиллаж, тэр хэрээр өндөр эрсдэлтэй байна. Тиймээс зайлшгүй шаардлагагүй бол Хятад руу явахгүй байхыг зөвлөе” гэв.
ОЛОН УЛСЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГ МОНГОЛД АЖИЛЛАХ НЬ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгээр манай улс туршилтын 200 оношлуур Япон Улсаас авсан. Цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд нэмж оношлуур авах хүсэлтээ Эрүүл мэндийн яам (ЭМЯ) тус байгууллагад тавьсан билээ. Тэгвэл ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа өчигдөр “Шинэ коронавирусийн 3000 оношлуурыг энэ долоо хоногт багтаан авчирна. Ингэснээр улирлын томуу, уушгины хатгалгаатай хүмүүсийг ч шинжилгээнд хамруулах боломж бүрдэх юм” хэмээв. Түүнчлэн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан олон улсын яаралтай тусламжийн багийг Монголд ажиллуулахаар ярилцаж байгаа гэнэ.
ДУНДЖААР 5-6 ХҮНД ХАЛДВАР ТАРААХ МАГАДЛАЛТАЙ
Шинэ коронавирус цар тахал хэлбэрээр тархсан нь дэлхий нийтийг барьц алдуулсан гэхэд хилсдэхгүй. Уг өвчнийг бүрэн танин мэдэхийн тулд олон улсын эрдэмтэд эрчимтэй судалж байна. Судалгааны явцын талаарх зарим мэдээллийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө. Тэрбээр “Шинэ коронавирусийн тархалт хүрээ тэлсээр буй. Олон улсын эрдэмтэд судалгаагаа эрчимжүүлж, цөөнгүй дүгнэлт, мэдээлэл гаргаад байна. Тухайлбал, нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай. Түүнчлэн өвчний нууц үе болох 2-14 хоногт ямар ч шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм.
АМНЫ ХААЛТАА ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Улс даяар амны хаалтын хомсдол үүсэж, үнэ нь нэлээд нэмэгдсэн. Энэ нь зөвхөн манай улсад тулгарсан асуудал бус. Бараг дэлхий даяар тулгамдсан бэрхшээл болов. Тиймээс манай улс дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, амны хаалтын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдэлд хүрчээ. ЭМЯ, Батлан хамгаалах яамныхан зөвшилцсөний үндсэн дээр эхний ээлжид цэргийн хувцасны үйлдвэрүүдэд амны хаалт хийх болсон гэнэ.
Үүнээс гадна гадаадад ажиллаж, амьдардаг монгол иргэд, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд цөөнгүй амны хаалт, хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд хандивлажээ. Тэдгээрийг эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан өндөр настнуудад тарааж буй юм байна.
БНХАУ-ЫН 442 ИРГЭН ОРЖ ИРЖЭЭ
Хятад иргэдийг олноор нь хил нэвтрүүлж байна гэх шүүмжлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээнд газар авсан. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж өглөө. Тэрбээр Монгол Улс хилийн боомтуудаа хаагаагүй, зорчигч тээврийн урсгалыг түр зогсоосныг нэн тэргүүнд онцолсон. Түүнчлэн “БНХАУ-аар дамжиж өөр орон руу явах, тус улсад ажиллаж, амьдардаг иргэд, мөн зайлшгүй шалтгаантай хүмүүс урд хөршийг зорьж болно. БНХАУ ч иргэдийнхээ Монгол Улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. УОК-ын шийдвэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай хятад иргэдийг хил нэвтрүүлж байна. Харин УОК-ын өчигдрийн (уржигдар) хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг хориглосон. Барилгын материал, хүнс зэрэг нүүрсээс бусад бараа, бүтээгдэхүүнийг саадгүй тээвэрлэнэ. БНХАУ-ын хэдэн мянган иргэн манайд орж ирсэн гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах боллоо. Баттай тоо хэлэхэд, хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт БНХАУ-ын 442 иргэн манай хилээр нэвтэрсэн. Гуравдагч улсаас ирсэн хятад иргэд, мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч байгаа” гэлээ.
Бэлтгэсэн: М.Оч