УИХ дахь АН-ынхан 2019 оны намрын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тус чуулганаар тодорхой асуудлууд хэлэлцэж, нэлээд шаргуу ажилласан ч улс орны эдийн засагтай холбоотой, иргэдийн халаасанд орох мөнгийг нь өсгөх чухал шийдвэрүүдийг гаргаж чадаагүй” хэмээсэн. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсон болон Улаанбаатар хотын төвд байрлах, баганат объектуудын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх мэт тодорхой асуудлуудын талаар байр сууриа нэгтгэснээ уламжилсан юм.
Мэдээллийн дараа гишүүн Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Танай намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат яагаад энэ удаагийн хэвлэлийн бага хуралд оролцсонгүй вэ. Түүний казинод тоглож байгаа зураг, бичлэгийн тухайд ямар тайлбар хэлэх вэ?
-Д.Эрдэнэбат дарга орон нутагт томилолттой яваа. Хувь хүнтэй холбоотой асуудлаар би тайлбар хийхгүй.
-Таны тоглож байгаа зураг ч бий. Тэр талаар тайлбар хийж болох уу?
-Тэр зураг бол эртний зураг. Нэгдүгээрт, гэр бүлийхэнтэйгээ амралтаараа явж байхдаа байрласан зочид буудлаас олгосон 50 ам.долларын ваучераар тоглосон. Хоёрдугаарт, тухайн үед казино тоглох талаар ямар ч зохицуулалт байгаагүй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, казино тоглохыг хориглосон. Түүнээс хойш би тоглоогүй, тоглохгүй. Би хууль, дэгээ барьдаг хүн. Гуравдугаарт, төрийн олон арван тэрбум төгрөгөөр тоглосон хүмүүс бий. Компани, гэр бүлийнхээ олон сая төгрөгөөр тоглосон хүн ч байгаа. Нэг зүйлийг би маш сайн мэднэ. Казинод хэзээ ч хождоггүй юм. Тийм учраас монголчууд казинод тоглох хэрэггүй.
-АН-ынхан 2020 оны сонгуульд БНХАУ-аас тодорхой санхүүжилт авах тухай ярьж байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Манай намын удирдлага өмнөд хөршид айлчилсан. Ер нь өнгөрсөн хугацаанд хоёр “том” нам Монголын эдийн засгийг бүрэн удирдаж явсан. Энэ улсын эдийн засагт бүх л талаар нөлөөтэй орнууд нь манай мөнхийн хоёр хөрш. БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь манай улсын нийгэм, эдийн засаг гээд олон л зүйлд чухал. АН аливаа нэг улс орон, мөн түүнчлэн томоохон аж ахуй нэгжүүд, олигархиудаас нэг ч төгрөгийн хандив, хөрөнгө оруулалт төрийн сонгуульд зориулж авахгүй. Тийм учраас бид гишүүд, дэмжигчдээсээ мөнгө, хандив авч, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа.
-Нийгмийн даатгалын сантай холбогдуулан НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг хорьсон. Цаашлаад АН-ын дарга С.Эрдэнийг үүнд холбогдуулах, эсэхэд олон нийт анхаарал хандуулж байна.
-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд хадгалахдаа нэг жилийн гэрээ хийдэг. Тухайн жилийн гэрээний дагуу Нийгмийн даатгалын сан нийт 240 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласных нь төлөө Ц.Уртнасан даргыг магтаж байсан. Жил бүр гэрээгээ шинэчлэх зарчмыг өөрчилж, тус сангийн хөрөнгийг өөр сайн үзүүлэлттэй банканд байршуулахгүй өнөөдрийг хүргэсэн нь одоогийн эрх баригчдын буруу. Тухайн үед “Капитал” банк Монголбанкнаас тавьсан шалгуур үзүүлэлтийг хангаж, “сайн” гэж үнэлэгдэж байсан. Тиймээс ч төрийн мөнгийг хадгалуулах эрх зүйн боломжтой байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банканд алдаж туусан өнөөгийн эрх баригчид алдаа, булхай нь сонгуулийн үеэр гарч ирэх вий гэсэн айдсаасаа болоод аль хэдийн ажлаасаа гарсан тэр хүнийг барьж хориод байна. Энэ бол улс төрийн шалтгаантай үйл ажиллагаа.
-АН-ынхан сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэсэн үү?
-Сөрөг хүчний үүргийг долоон гишүүн гүйцэтгэхэд цөөн юм. Өдөр болгон бүх зүйл рүү цөөн хэдэн хүн “гал тавих” нь улс төрийн энэ нөхцөлд үнэ хүндээ алдахад хүргэдэг. МАН эрх барихдаа маш их алдаа хийлээ. Алдаа бүр дээр нь дөрөөлж, шархыг нь сэдрээх боломж цөөн гишүүнтэй манай зөвлөлд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Нэг зүйлийг сануулахад, МАН-ынхан “ЖДҮ- чид”, “60 тэрбумынхан” гэж хуваагддаг. Бид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулсан, Н.Номтойбаярын бүрэн эрхийг ч түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, аливаа том асуудал тулгарахад МАН хоёр хуваагдаж, шийдлийг нь АН-ынхан гаргаж ирсэн.